Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн юм. МАН-ын бүлэг энэ оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцжээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны төсвийн төсөл ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-МАН-ын бүлгийн хуралд оролцсон гишүүдийн хэд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн бэ?
-Бүлгийн хурлын ирц 70 гаруй хувьтай байсан. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн. Өмнөх хориг дээр зарим гишүүн нь бүлгийн хуралд оролцоогүй байсан. УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байх. Энэ удаад ч гэсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж асуудал гарахгүй байх гэж найдаж байна.
-2018 оны төсвийг хэлэлцэх хугацаа богино. Гишүүд ирэх оны төсвийг бүрэн танилцан судалж амжих уу?
-2018 оны төсөвтэй УИХ-ын гишүүд танилцах хангалттай боломж бий.
-Засгийн газрын өрийн хэмжээ ирэх онд хэр зэрэг нэмэгдэх вэ?
-2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газар ОУВС-тай хоёр зүйлийг тохирсон. Үүнд, зарлага нэмэхийг тулд орлого нэмэгдүүлэхийг хориглосон, төсвийн алдагдлыг найман хувьд барих ёстой гэдэг дээр талууд тохиролцсон. 2017 оны жилийн эцсийн тодотголоор 2,7 их наядын алдагдал буюу ДНБ-ний 9,5 хувьтай байгаа юм. Үүнийг 1,5 хувиар бууруулж оруулж ирж байгаа учраас төсвийн алдагдлыг нэмэх боломжгүй болж байгаа юм. Төсвийн тогтовортой байдал, төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн хэмжээг ДНБ-ний 80 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. 2018 онд Засгийн газар ДНБ-ний 76,1 хувьд байхаар оруулж ирсэн. Тиймээс энэ нь хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байгаа.
-Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсанаар цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олгогдохгүй асуудал үүсээд байгаа. Хоригийг хэзээ хэлэлцэх вэ?
-Төсвийн тодотгол баталсны дараа шууд хэрэгжих ёстой байсан ч Ерөнхийлөгч 14 хоногийн дараа хориг тавьсан. Тиймээс бид Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авна, авахгүй гэсэн шийдвэр гаргахаас нааш ямар ч санхүүжилт олгогдохгүй. Тиймээс УИХ аль болох богино хугацаанд хоригийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцээд ирэх Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ