Каталонд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна
2017-11-09

 

Каталонд өнөөдөр олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.  Жагсагчид гол чиглэлийн автозам болон төмөр замуудыг хаан, тээврийн хөдөлгөөнд саад болж байгаа талаар ТАСС агентлаг дамжууллаа. Ийнхүү хөдөлгөөнд саад болж байгаа жагсаалыг тараахаар цагдаагийнхан ажилласан ч жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарчээ.

 

Ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон нь  Каталоны өндөр албан тушаалтнуудыг Испанийн эрх баригчид баривчлах шийдвэр гаргасантай холбоотой юм. Тодруулбал, өнгөрсөн сард болсон тусгаар тогтнолын тухай санал асуулгыг төрийн эргэлт хийх гэсэн ородлого, үймээн самуун үүсгэсэн хэрэг гэж Мадрид үзэж, Каталоны найман өндөр албан тушаалтныг баривчилсан байна. 

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын нэгний өдөр Каталонд тусгаар тогтнолын санал хураалт явагдаж, улмаар санал хураалтад оролцогчдын 90 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн юм. Санал хураалт болох өдөр Испанийн эрх баригчид санал хураалтыг зогсоохоор хориг тавьсны улмаас хууль сахиулагчид болон каталончуудын хооронд хэдэнтээ мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал газар авч байлаа. Тусгаар тогтнох үзлийг анхнаас нь дэмжээгүй Испанийн эрх баригчид энэ үйл явдлыг Испанийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан, Үндсэн хуулийг зөрчсөн “төрийн эргэлт хийх оролдлого” хэмээн үзэж байгаа юм.

 

Дашрамд дуулгахад Каталон муж Испанийн хамгийн баян мужид тооцогддог. Каталон өөрийн гэсэн хэл соёлтой, Испанийн зүүн хойд нутагт оршдог, нийтдээ 5,3 сая хүн амтай, өөрөөр хэлбэл Испанийн нийт хүн амын 16% нь энэ мужид амьдардаг. Түүнчлэн Испанийн эдийн засгийн 20 хувийг дангаар бүрдүүлдэг, аж үйлдвэржсэн муж юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dain ehelne
2017-11-10