Ирэх онд ДНБ-ий бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэнэ
2017-11-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг баталлаа. Дараагаар нь ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүн О.Баасанхүү “Төрийн албан хаагчтай 6 сарын гэрээ байгуулна гэжээ. Энэ нь ямар учиртай вэ. Хөдөлмөрийн хуулиар нэг жилийн гэрээ байгуулдаг” гэсэн асуултад Ажлын хэсгийн ахлагч Б.Тогтохсүрэн:

 

-Төсвийн тухай болон Төрийн албаны тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нар үр дүнгийн гэрээ байгуулж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль биш гэлээ.УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Газартай холбоотой үнэлгээний асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Газрын төлбөрийн тухай хууль боловсруулж оруулж ирэхийг УИХ Засгийн газарт даатгаж болохгүй юм уу.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

 

-Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  тогтоолд төрийн албан хаагчдад олгох  тэтгэмжийг тусгасан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрх баригчид хойд хормойгоороо урд хормойгоороо нөхөж баталлаа. Төсвийн сахилга батын хуулиар төсвөө хэмнэж болно. ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох гээд сууж байна. Б.Хурцын талаар нээлттэй сонсгол явуулах гээд гарын үсэг зуруулах гэхээр гишүүд зугатаж байна. 

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар 2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:

 

-2018 оны улсын төсвийг хуульд заасан хугацаанд нь баталж байна. 2018 онд ДНБ-ний бодит өсөлтийг 4.2 хувьд өсгөхөөр төлөвлөлөө. Орлогыг 7.2 их наяд байхаар, алдагдал 2.2 их наяд байхаар баталлаа. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурсан. Төсвийн орлогын төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй, алдагдал жил бүр нэмэгдэж ирсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүй хэмжээнд очсон улсыг бид жил гаруйн хугацаанд хүлээж авсан. Улс оны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ.  Хүүхэд бүрт цэцэрлэг хүрээнд цэцэрлэгийн барилга барих, засварлахаар төсөвт тусгалаа. 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийнэ.

 

29 сургуулийн барилгыг өргөтгөж, нэг сургууль шинээр барина.  Нийтдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг ариутгаж, үнэргүйтүүлэхээр төсөвлөлөө.

 

Агаарын бохирдлыг бууруулах шинэчлэл хийхээр болж байна. Ирэх оноос “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянган төгрөг олгоно. 2018 оны төсвийг батлахад  хичээж ажилласан УИХ-ын ажлын хэсэг, байнгын хорооны дарга, гишүүдэд баярлалаа хэмээлээ. 

 

Чуулганы хуралдаанаар өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал дууссаныг УИХ-ын дарга мэдэгдэх үед гишүүн Б.Дамба-Очир "2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх саналтай байна. Эдийн засгийн байнгын хороо сая хуралдаж, чуулганы хуралдаанд бэлтгэлээ" хэмээсэн юм. Гишүүд дээрх саналыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Амгаа:
Уг нь мөнгөний бодлогыг төв банк боловсруулж батлаад парламентад танилцуулдаг номтой. Манайд болохоор УИХ батлана гэх юм. Тэр нь төсвийн хавсарга шиг юм болох юм.
2017-11-14