Ц.Баярцогтод 15 хоног баривчлах шийтгэл оноожээ

img

 

Өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр Төв шуудангийн уулзвар орчимд Land cruser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Энэ үйлдэлд нь замын цагдаа шаардлага тавьсан ч тухайн машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт төрийн албан хаагчийн жолоочид тавьсан шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчил гаргасан билээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад Ц.Баярцогтийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж, хүргүүлсэн билээ. 

 

Прокурорын дүгнэлтийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа Ц.Отгонбаатар руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс хэргийг хэлэлцээд Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

 

Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн байна. Тус дүүргийн шүүхэд өчигдөр Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болж прокуророос Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулах санал гаргасныг шүүх хурлаар хэлэлцээд Ц.Баярцогтод 15 хоног баривчлах шийтгэлийг оногдуулжээ. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ