Дэд хорооны бүрэлдэхүүний асуудлаар АН завсарлага авлаа
2017-11-16

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Монголын гадаад тагнуулыг чиглэлээр нь ажиллуулахгүй бол аюултай юм болж байна. Улаан цайм гүтгэж байна. Алийн болгон танхай байдлаар байх юм. Алийн болгон хүнийг дарамтлах юм. Алийн болгон өөрсдийн нууцаа өөрсдөө задруулах юм. Би өчигдрийн байнгын хорооны хурлыг хараад үнэхээр гайхсан. Юу болоод байгаа юм. Энэ хүмүүсийнхээ учрыг олж шалга. Төрд аймхай хүн байж таарахгүй. Айдаггүй хүн тавь. Хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчил.

 

УИХ-ын дарга С.Батболд:

 

-УИХ-ын гишүүд дэд хорооны үйл ажиллагааны талаар цаг үеэсээ хамаараар асуудалд өөрөөр хандаад байна. Цаг цагаар нь намираад байж болохгүй. Тусгай хяналтын дэд хороо зарчмаа барьж ажиллаж ирсэн. Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажиллагааны талаарх асуудал орж ирдэг. Түүнээс биш ёсзүйн,  хүний эрхийн асуудал орж ирдэггүй. Өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал дүгнэлтээ бие дааж оруулж ирдэг. Хаалттай хэлэлцэх заалттай. Ер нь гишүүдийн саналыг харгалзан хаалттай хэлэлцэнэ гэдэг.

 

Бүрэлдэхүүний тухайд өмнөх парламентад дандаа гурван хүний бүрэлдэхүүнтэй байсан. Харин өнгөрсөн жилээс таван хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Байнгын хороон дээр нээлттэй хэлэлцэгдэж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Өнгөрсөн парламентад МАН сөрөг хүчин байхдаа биднийг тагнаж, чагнаж байна гэж уйлан дуугардаг байсан. Би сөрөг хүчнийхээ байр суурьт хүндэтгэлдэг ханддаг.  Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр гэж тангуулд ажиллаж байсан гишүүдээ оруулж байна. Ашиг сонирхлын зөрчил харагдаад байна. Б.Хурц гэдэг хүнийг өмнөд Солонгост Элчингээр томилох асуудалд хэн нь дэмжиж, хэн юу ярив. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагаа хянаж чадахгүй парламент бол парламент биш. Тийм учраас АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах санал гаргаж байна.

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Тусгай хяналтын дэд хороо 2004 онд гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Өмнөх парламентад дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй болгосон. Харин 2016 оноос таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Одоо хоёр хүний орон гарсан дээр өөрчлөлт орж байхад завсарлага авах хэрэг байна уу?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэх асуудлыг ярих хэрэгтэй. Бид энэ асуудлаар завсарлага авна.  Хэлэлцэх шаардлагатай зүйл байна.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн хүний олноор хийдэг ажил биш. Тусгай онцлогтой, нарийн хуультай.

 

Ийнхүү АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн чуулганы хуралдаан ийнхүү өндөрлөлөө.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин