“SouthGobi Resources”-ийн захирлыг Хятадад баривчилжээ
2017-11-21

“SouthGobi Resources”-ийн захирал өнгөрсөн сард Хятадад баривчлагдсан байна. Энэ талаар “www.scmp.com” сайт мэдээллээ.

 

Монголын нүүрсний “SouthGobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг БНХАУ-д байхад нь тус улсын цагдаагийнхан баривчлан, саатуулсан байна. Уг мэдээллийг албаныхан баталж буй юм.

 

 

Энэхүү мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараахан тус компанийн хувьцаа 13.6 хувиар уналаа. “SouthGobi Resources” компанийн хувьцааны үнэлгээ сүүлийн нэг жилийн доод түвшин рүү унажээ. Одоогоор тус компанийн хувьцаа 1.5 хонконг доллароор арилжаалагдаж байна.

 

Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн аравдугаар сарын 11-ны өдөр Залилангийн хэргээр БНХАУ-ын Ражио хотын хорих ангид саатуулжээ.

 

“SouthGobi Resources” компани нь өнгөрөгч даваа гаригт “Б.Аминбөхийг түр хугацаанд ажиллах боломжгүй” хэмээн олон нийтэд мэдэгдэж, улмаар Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Бин Ваныг томилсон билээ. Бин Ван энэ сарын 13-наас эхлэн “SouthGobi Resources” компанийг тэргүүлж эхэлжээ.

 

Тус компани Б.Аминбөхийг ямар шалтгаанаар ажлаа хийх боломжгүй болсон талаар олон нийтэд мэдэгдээгүй ч түүнийг БНХАУ-д баригдсан гэх мэдээллийг өнөөг хүртэл хэвлэлийнхнээс нууцалж байсан юм.

 

Б.Аминбөх БНХАУ-д баривчлагдсан гэдэг нь ил болсны дараа “SouthGobi Resources” компани түүний эсрэг заргатай холбоотойгоор тусгай баг гаргасан тухайгаа мэдэгджээ.

 

Компанийн албан ёсны төлөөлөгч “Манай компани Б.Аминбөхтэй холбоотой дотоодын хяналт шалгалтыг эхлүүлэхээр болсон. Энэхүү асуудлаас болж манай компанийн үйл ажиллагаа зогсохгүй. Бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байх болно” гэж мэдэгджээ.

 

Өмнөговийн “Овоот Толгой” уурхайд олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компани өнгөрсөн есдүгээр сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 9.74 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан байна. 

 

Тус компани энэ бүх хямралаас хурдан хугацаанд гарахын тулд хагас коксжих нүүрснийхээ чанарыг сайжруулж, улмаар борлуулалтынхаа үнийг нэмэхээр зорьж буй гэнэ. Компани алдагдалтай ажиллаж байгаа нь хоёр улсын хил дээр гацаад буй нүүрс тээвэрлэсэн олон мянган ачааны машинтай холбоотой хэмээн албаныхан мэдээллээ.

 

БНХАУ-д саатуулагдаад буй Б.Аминбөх нь өнгөрсөн 2015 онд тус компанийн гүйцэтгэх захирал болжээ. Мөн энэ оны долоодугаар сараас ТУЗ-ийн даргаар ажиллах болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zuvshuurch bna:
Heleed baihad ug avdaggui....
2017-11-21