Б.Шижирбат: Дахин хөл дээрээ тогтох боломж өгсөнд баярлалаа

“Авьяаслаг Азичууд” шоунд оролцож буй Б.Шижирбат финалд шалгарлаа. Тэрбээр уг шоунд эхний үзүүлбэрээрээ “Алтан баззер”-ын эзэн болж хагас шигшээд өрсөлдөх 24 оролцогчийн нэг болсон юм. Улмаар хагас шигшээгийн эхний наймд багтаж, үзүүлбэрээ толилуулсан. Үлдсэн найман оролцогчийн төлөө онлайн хэлбэрээр санал хураалт явуулсан. Үзэгчдийн саналаар Б.Шижирбатын хамт Филиппиний битбоксчин, 21 настай Нейл Рей Гарсия Лланес финалын шатанд шалгарсан байна.
Шоуны дүрмийн дагуу хагас шигшээд шалгарсан 24 оролцогч, найм, наймаар хуваагдан гурван хэсэгт өрсөлдөж буй бөгөөд хэсэг тус бүрээс нэг оролцогчийг шүүгчид финалд шалгаруулна. Харин үзэгчдийн саналаар дахин хоёр оролцогчийг сонгох юм. Хэсэг тус бүрээс шалгарсан нийт есөн оролцогч арванхоёрдугаар сарын 7-нд шоуны ялагчийн төлөө өрсөлдөх юм.
Б.Шижирбат өөрийн фэйсбүүк хуудаснаа “Дүн гарлаа. Санал хураалт эхэлснээс хойш бараг фэйсбүүкээр зодолдох шахсан. Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. Арванхоёрдугаар сарын 7-нд Гранд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэж бичжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ