Лавров: АНУ, Пхеньянд довтлох шалтаг хайж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ, Хойд Солонгос улсад довтлох шалтаг хайж байна” хэмээн мэдэгдсэн талаар “www.rt.com” сайт мэдээллээ.
“Хойд Солонгосын сүүлд хийсэн баллистик пуужингийн туршилт нь АНУ-ын хүсч байсан дайн хийх шалтаг болсон хэмээн сэжиглэж байна. АНУ-ын сүүлийн үед хийж буй үйлдэл Хойд Солонгосыг санаатай өдөөн хатгасан шинжтэй байгаа. НҮБ-д суугаа АНУ-ын бие төлөөлөгч “АНУ, Хойд Солонгост цэргийн ажиллагаа явуулахаар болсон” хэмээн хэлсэн. Хэрвээ тэд үнэхээр л Пхеньян руу дайрах гэж буй бол энэ мэдэгдлээ албан ёсны болгож, улмаар удирдагч нь батлах хэрэгтэй. Аль алиных нь байр суурийг мэдсэнийнхээ дараа бид шийдвэрээ гаргамаар байна” хэмээн Сергей сайд хэлжээ.
Хойд Солонгос улс хоёр өдрийн өмнө алсын тусгалтай “Hwasong-15” гэх баллистик пуужин харвасан юм. Уг пуужин 1000 гаруй км зам туулсаныхаа дараа Японы тэнгист унажээ.
Энэхүү пуужин АНУ-ын газар нутгийн хаана ч хүрэх боломжтой гэдгийг удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн юм. Харин уг мэдэгдлийн хариуд АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг “Өвчтэй гөлөг” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ