“Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг” боллоо
2017-12-05

 

БНСУ-ын Илсан хотын Кинтекс үзэсгэлэнгийн цогцолборт 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг” болсон билээ.

 

Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас зохион байгуулсан уг үзэсгэлэн яармагт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бүгд Найрамдах Солонгос Улсын Объектын гал түймэр унтраах болон иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах виртуал сургалтын програм үйлдвэрлэгч “Хэрос Он Файр”, барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын програм үйлдвэрлэгч “Эм Лайн Студио”, гал гарсан үед гал гарсан барилгаас аюулгүй гарах сургалтын програм үйлдвэрлэгч “Жунсинара”, цаг уурын хөдөлгөөнт мэдээллийн систем үйлдвэрлэгч “Кория Дижитал” компаниудтай экспортын зөвлөгөөн хийж, сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног, төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын албанд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон, үнийн санал болон шаардлагатай бусад мэдээллийг авлаа.

 

 

Мөн үзэсгэлэн яармагийн үеэр ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Т.Бадрал БНСУ-ын Үндэсний галын удирдлагын газрын дарга ноён Жү Жонгмүүктэй уулзаж, цаашид хоёр байгууллагын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байгуулсан Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж, байгууллага хоорондын гэрээ болгон хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх, тус гэрээг үзэглэх талаар санал солилцон, гэрээний төслийг ноён Жү Жонгмүүкт танилцуулсан юм.

 

Түүнчлэн Бүгд Найрамдах Кыргыз Улсын Онцгой байдлын сайд, хошууч генерал Нассер Бороновтой уулзаж, хоёр байгууллагын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

 

“Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т Бүгд Найрамдах Солонгос Улс болон бусад улс орнуудын нийт 400 гаруй аж ахуйн нэгж байгууллага, компани, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, гамшгаас хамгаалах, гал унтраах, үйлдвэрлэл, олон нийт, төрийн үйлчилгээ, усан, төмөр, авто замын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн зориулалтын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин