Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална
2017-12-11

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс авсан саналын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцжээ. Ямар хуулийг хууль санаачлагачид нь буцаах, ямар хуулийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх талаар байнгын хороодын дарга нартай зөвшилцөхөөр болсон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд 600 гаруй хүний асуудлыг хэлэлцэн 2020 он гэхэд шийдвэрлэж дуусгахаар болжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт тус бүлэг Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсгийг байгуулсан байна. Ингэхдээ Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг  С.Бямбацогт гишүүнээр ахлуулахаар болжээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин