Залуу хүн бүр зөв хандлагатай байж улс хөгжинө
2017-12-12

 

 

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо”  үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа уг чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүргийн  төлөөлөл болсон 15-34 насны залуучууд, эрдэмтэн судлаачид зэрэг 850 төлөөлөгчид оролцож байгаа юм.

 

Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улс залуучуудын хөгжилд тулгуурласан орон болсныг илтгэж байна.  Эдийн засгийг хөдөлгөгч хүч, хүн амын өсөлтийг дэмжигч хүн амын чухал бүлгийн хувьд тэдний эрхийг дэмжих, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргэийлж, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөр эрхлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол эзэмших, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх,  шийдвэр гаргах үйл явцад оролцох,  чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь чухал байгаа юм. УИХ-аас залуучуудыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.  Залуучуудын хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлого болох “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулаад байгаа аж. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:

 

-Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх, туршлага олон бий. Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн. Тиймээс Засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж байна. Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг, дүүрэгт бий болголоо. “Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан бага багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ.

 

Оюутан залуус маань сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ. 2014 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 42242 байсан бол 2017 онд 20000 орчим болгон буулгаж монгол залуучуудаа ажлын байраар хангах боломжийг нээж өглөө.

 

2017 онд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 20000 орчим залуус элсэн суралцлаа. Тэдний 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зээлийг төрийн болон олон улсын байгууллагын зээл тусламжаар олгож эхэллээ.

 

Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт эрэмбэлэгдэж байна.

 

Залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орон хөгжиж дэвжинэ. Энэ бодлогын хүрээнд их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг залуучуудад ил тод нээлттэй болгох ёстой. БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар 2015-2016 оны хичээлийн жилийн их, дээд сургууль төгсөгчдийн 21.7 хувь нь тухайн жилдээ ажлын байртай болсон байна.  Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн чанар гээд олон асуудал яригдана. Үүнд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахын боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна.

 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна. 2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой, бүтээлч, үр дүнтэй ажил хийж үр дүнг нь танилцуулахыг ХНХЯ-ны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

 

Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн алдаа сургамж бүрээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлага хүлээж, боловсролтой, хөдөлмөрч, бүтээлч иргэн байна гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд итгэлтэй байна гэлээ.

 

Тус үндэсний чуулганы үеэр ХНХЯ, ЭМЯ, БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ болон нийслэлийн ЗДТГ-аас залуучуудын хөгжлийг дэмжих, чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар залуучуудаас санал авч, бодлогын баримт бичигт тусгах  юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин