Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
2017-12-16

"Болор цом-2017" яруу найргийн наадам Говь-Алтай аймагт болж, өндөрлөлөө. Энэ жилийн Янжинлхамын эгшиглэнт найрагчаар яруу найрагч М.Отгонбаяр 'Ижийдээ нас гуйсан' шүлгээрээ түрүүлсэн юм. Болор цомын тэргүүн шүлгийн хүргэж байна. 

 

 

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ

 

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яруу найраг биш зүгээр о хүүхдүүдийн бичдэг шүлэг л байна
2017-12-18
Зочин:
setgelgee yu ch alga... Yostoi l huugiin setgel yum daa...
2017-12-18
Зочин:
Сайхан шүлэг тэрлэжээ. Танд эрүүл энхийг хүсье.
2017-12-18
АМЬДРАЛЫН ЗАРЧИМ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ:
ТЭГЭХЭЭР эхийн тхай шүлгэнд сэтгэлгээний дэвшил гарах гэж ЮУ ЮМ БЭ ??? Эцэг эхээ хайралдаг үр хүүхэд байгаа бол САЙН ХЭРЭГ БОЛЧИХСОН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА. Одооны тархиа угаалгасан залуучууд хүн биш болчоод байна доо.
2017-12-17
Зочин:
Энэ тэмцээнд орж буй шүлэгчдээс сэтгэлгээний дэвшил гэх зүйл хүлээх нь утгагүй. Өнөөдөр хэдэн он билээ? Гэтэл, энэ хэдэн оны шүлэг вэ?
2017-12-16
Сайхан шүлэг байна:
Хүүгийн сэтгэл юм даа.
2017-12-16