Лионель Месси Испаний шилдэг хөлбөмбөгчин боллоо
2017-12-19

Испанийн өдөр тутмын Марка спортын сонингийн оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа Даваа гарагт Барселона хотод боллоо. 2016-2017 оны улирлын Ла лигийн шилдэг тоглогчоор Барселона багийн довтлогч Лионель Месси тодорчээ. Испанийн Барселона хотын урлагийн музейд болсон арга хэмжээний гол баатар нь Лионель Месси байлаа. Аргентин довтлогч Ла лигийн оны шилдэг хөлбөмбөгчид олгодог Алфрэд Де Стефаногийн нэрэмжит шагнал, шилдэг мэргэн буучид олгодог Пичичи-ийн нэрэмжит цомын эзэн болжээ. Месси өнгөрсөн улирал Каталаны багийн төлөө Ла лигийн 34 тоглолтонд оролцож 37 гоол оруулсан юм. Түүний багийн анд Андрьес Иньеста  Испанийн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг гардан авлаа. Харин Атлетико Мадрид багийн Словени хаалгач Ян Облак оны шилдэг хаалгачаар тодорчээ.

 

 

Ёслолын ажиллагааны үеэр Испанийн спортын яамны ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Рамонг Лете “Испанийн шигшээ баг ирэх жилийн ДАШТ-ийг өнжинө гэсэн мэдээлэлд ач холбогдол өгөхгүй байгаа” гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, Өнгөрсөн 7-р сард Испанийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Анхел Мариа Виллар нь хээл хахууль авч, хуурамч бичиг баримт үйлдсэн, мөнгө завшиж хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас гадна үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Уг хэрэгтэй холбогдуулан ОУХБХ-оос Испаний Хөлбөмбөгийн холбоог аливаа гурав дахь хүчин зүйлээс хараат бус гэдгээ харуулж, засгийн газраас уг холбооны хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй гэдгээ мэдэгдэхгүй бол ДАШТ-ийг ч өнжиж магадгүй талаар анхааруулаад амжсан юм. Тэгвэл Виллар энэ талаар “Хэрвээ шигшээ баг ДАШТ-ийг өнжих тохиолдлын чанартай зүйл байх аваас үүнд гагцхүү засгийн газар л хариуцлага хүлээх ёстой” хэмээжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин