Авлига авсан цагдаа нарын хэргийг АТГ-т шилжүүллээ
2017-12-20

Авлига авсан хууль сахиулагчдын хэргийг АТГ-т шилжүүллээ. Хуулийг хэлбэрэлтгүй сахих, сахиулах чиг үүргээ умартаж, өөрт оногдсон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, буруу аашилсан алба хаагчдад холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. 

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хэргийн холбогдогчоос мөнгө авсан, ахлах мөрдөгч Б-д холбогдох хэрэг, Эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч завшсан алба хаагч О-ын хэрэг, Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан алба хаагч О, Б нарт холбогдох хэргийг илрүүлэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.

 

Мөн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн хэргүүдийн дунд архи, согтууруулах ундааны зүйл нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдээр 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж, торгууль нэрээр мөнгө завшиж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан Б, Э гэх цагдаа нарын хууль бус үйлдэл ч байгаа гэнэ.

 

Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйгээ уландаа гишгэж, хувийн эрх ашиг, хүсэл сонирхолоо тэргүүнд тавьсан тэдгээр алба хаагчид нэлээн хатуухан хариуцлага тооцуулах бололтой. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах албан тушаалтнуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өгөхдөө “Цагдаагийн эгнээ цэвэр, ариун байх ёстой. Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин