Хүүхдүүд цахим орчинд айдастай байдгаа илэрхийлжээ
2017-12-22

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос  "Цахим орчинд хүүхдээ хамгаалья" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцов. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн болон ТББ, эцэг эхчүүдэд хандаж уриалга гаргаж буйгаа мэдээлэв. Мөн хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нэг сарын аян зарлаж буйгаа мэдэгдэв.

 

 

Хүүхдүүдээс авсан судалгаагаар 46.1 хувь нь цахим орчинд маш их ядардаг гэсэн бол 47 хувь нь байнгын айдаст автаж байдгаа хэлжээ.

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Хүүхдүүд цахим халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүүхдийг цахим орчинд гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг комент бичихэд уриалах сөрөг үр дагавартай байна. Дэлхийн улс орнуудад таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэл байгааг олон улсын судалгааны байгууллагууд тогтоожээ.

 

Монгол Улсад хүүхдийн эсрэг олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн дийлэнх нь цахим халдлага байна” хэмээн ярьж, сарын аяны хүрээнд уриалгын дагуу ажиллахыг уриалав.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны уриалгыг дэмжиж, энэ аянд оролцож байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн бүлэг эрчимтэй ажиллаж байгаа. Энэ удаа хүүхдийг цахим халдлагаас хамгаалах чиглэлээр ажиллана. Цахим орчны ямар үйлдлийг ёс бус гэх болоод энэ үйлдлээс хүүхдийг хэрхэн хамгаалах, хэнд мэдэгдэж, гомдлоо гаргах зэргийг заасан тодорхой зохицуулалт манайд байхгүй. Тиймээс цахим халдлагаас хамгаалах хуультай болох цаг болсон байна” хэмээн аяныг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Сүүлийн таван жилийн хугацаанд цахим халдлагатай холбоотой 1200 гаруй хэрэг гарчээ. Хохирол нь хоёр орчим тэрбум төгрөг гэсэн албан бус мэдээ байгаа аж.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин