У.Хүрэлсүх: Бонд гаргаж, 500 сая ам.долларын өрийг барагдууллаа

Монгол Улсын Засгийн газар 2012 онд 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Ингэснээр Засгийн газар “Чингис” хэмээх бондыг өрийг 2018 онд 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.доллароор эргэн төлөхөөр болсон юм. Зээлийн нөхцөлийн дагуу өнөөдөр “Чингис” бондын 500 сая ам.долларыг эргэн төллөө.
Өрийг барагдуулах гүйлгээг Ерөнхий сайд болон Сангийн сайд нар хийсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар 2012 онд 1.5 ам.долларын “Чингис” бондыг авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар 2.1 их наяд төгрөг байсан. Засгийн газар байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Хамгийн түрүүнд баримталсан зүйл нь эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг хангах, тэр дундаа өр зээлийн асуудлыг барагдуулахад голчлон анхаарч ажилласан. “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдууллаа. Гэхдээ ингэснээр өр бүрэн барагдаагүй. Энэ өрийг бонд гаргаж байж барагдуулж байгаа. 2016 онд МАН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа шинээр байгуулсан. Энэ үед би шадар сайдаар ажилласан. Ингэснээр улс оронд нэгэн томоохон асуудал тулгарсан. Энэ нь Монгол Улс дампуурах уу, эсвэл ОУВС-тай хамтран ажиллаж, дампуурлыг зогсоох уу гэсэн сонголт байсан. Монгол Улсыг дампууруулж болохгүй гэж ойлгоод энэ асуудлаас хэрхэн гарах аргыг төвшин төвшиндөө ярилцсан. Ингэснээр ОУВС-тай хамран ажиллах болсон юм. Энэ нь зөв сонголт байсныг өнөөдөр баталж байна. Зарим хүн ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эдийн засгийг өсгөхгүй байна гэдэг. Ингэж ярьж байгаа хүн энэ улсыг дампууруулсан, ямар ч тооцоо, судалгаагүйгээр өндөр хүүтэй 1.5 ам.долларын зээл авч улсаа өрөнд оруулсан. Үүгээрээ юу хийсэн нь тодорхой бус. Засгийн газар ажилласны дүнд хүү багатай, урт хугацааны бонд гарган энэ өрийг төлж байна. Одоо бидэнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудал тулгарч байна. Энэ зээлийг авсан, хүмүүстэй хариуцлага тооцож, ард түмний халааснаас авсан энэ мөнгийг эргүүлэн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хэн мөнгө завшсан, дотроос нь хулгайлсныг илрүүлж, хариуцлага тооцон Хөгжлийн банкнаас авсан ард түмний өмчийг эргүүлэн төлүүлэх ажлыг Засгийн газраас зохион байгуулна” гэлээ.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын өрийн дэвтэр гаргаснаа Ерөнхий сайдад гардуулсан юм. Тэрбээр “Засгийн газрын хоёр дахь томоохон өр болох “Чингис” бондыг энд бичсэн байгаа. Өрийнхөө хэмжээг Монгол Улсын Засгийн газар өглөө бүр санаж, үүнтэй холбоотой арга хэмжээг авч байх болтугай.
2017 онд Засгийн газар 370 тэрбум төгрөгийн өрийг урьдчилан төлсөн байгаа. Ингэснээр зээлийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр бууруулсан. Үүнийг хийхийн тулд төсвөөс гараад явчихсан байсан төрийн байгууллагын дансыг төсөвт авчирсан. Өндөр хүүтэйгээс нь эхлэн арилжааны банкуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ ажлыг хийж, төрийн мөнгөнд хоноцын сэтгэлгээгээр бус эзний өөриймсөг сэтгэлгээгээр хандсанаар ямар үр дүнд хүрдгийг харуулсан гурван хүний нэрийг дурдъя. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Төрийн сангийн хэлтсийн дарга М.Батхуяг, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар юм” гэсэн юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ