Салах Африкийн шилдэг боллоо
2018-01-05

 

Ливерпүүл болон Египетийн шигшээ багийн сүпер од Мохамед Салах 2017 оны Африкын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

 

25 настай довтлогчийн хувьд санал асуулгад Боруссиа Дортмундын болон Габон улсын тамирчин Пьер-Эмерик Аубамэянг, Ливерпүүл болон Сенегал улсын тамирчин Садио Манэ нарыг ардаа оруулсан юм. Ингэснээр уг шагналыг авч буй пример лигээс дарааллан сонгогдож буй хоёр дахь хөлбөмбөгч болж байна. Өмнө жил Лестер Сити клубын тоглогч Рияд Махрез авч байсан бол 2015 онд Аубамэянг авч байлаа. Харин үүнээс өмнө 4 жил дарааллан Яаяа Түрэ авч байсан билээ.

 

Салах энэ улиралд 29 тоглолтод оролцохдоо 23 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгч байсан. Тэрбээр энэ зун Рома клубээс ирж байсан бөгөөд Ромагийн бүрэлдэхүүнд 10 гоол, 9 гоолын дамжуулалт өгч байжээ.

 

Үүнээс гадна ДАШТ-ий эрх авах тоглолтод Египетийн шигшээ багийн төлөө шийдвэрлэх гоолыг оруулсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин