Саудын Арабын 11 ханхүүг эсэргүүцэл үзүүлсэн хэмээн баривчилжээ
2018-01-07

Саудын Арабын ханхүү нар нийслэл Рияд  хотноо байрлах хааны ордны өмнөх эзэмшлийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

 

 

Уг эсэргүүцлийн жагсаалд хааны гэр бүлийн 11 ханхүү оролцсон байна. Ханхүү нар тусгай хангамжийг нь хассан явдалд дургүйцлээ илэрхийлэн, ийнхүү жагссан аж.

 

Олон жилийн турш ханхүү нарын ундны ус болон цахилгааны төлбөрийг төсвөөс төлдөг байжээ. Харин ирэх сараас уг зардлыг төсвөөс төлөхөө зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

 

Ордны хамгаалалтын ажилчид ханхүү нарыг тараахыг оролдох үед үймээн дэгдсэн аж. Үймээнийг намжаахын тулд цагдаагийнхан аргагүй эрхэнд ханхүү нарыг цагдан хорьсон талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

Мөн ханхүү нар өнгөрсөн 2016 онд цаазаар авахуулсан ханхүү Турки Бин Сауд Аль Кабирийн амь насны төлөө нөхөн төлбөр олгохыг Засгийн газраасаа шаарджээ.

 

Саудын Араб энэ онд хамгийн багадаа 52 тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа учир эхний ээлжинд хааны гэр бүлийн тансаг хэрэглээг хязгаарлахаар төлөвлөж буй юм.

 

Төсвөөс гаргаж буй хааны гэр бүлийн хангамжийг цуцалж, улмаар өртгийн албан татварыг нэмэхээр зэхжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаан байсан ч хууль шүүхэндээ захирагддаг юм
2018-01-07