Бага ангийн сурагчдад англи хэл заахыг хориглолоо

Ираны бага ангийн сурагчдад англи хэл заахыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг шийдвэрийг тус улсын шашны тэргүүн гэгддэг Аль Хамейни гаргасан байна.
Тэрбээр “Бага насны хүүхдүүдэд гадаад хэл заах нь өрнийн соёлд автах гол үндэс болж байна. Бид хойч үеэ зөв аргаар хүмүүжүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
1-6 ангийн хүүхдүүд ийнхүү англи хэлийг суралцах боломжгүй болж байна. Гэхдээ эдгээр ангийн хүүхдүүд өөрийн хүсэлтээр хичээлээс гадуур хэлний курст хамрагдаж, гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх бүрэн боломжтой гэдгийг Боловсролын яамны ахлах мэргэжилтэн мэдэгдсэн байна.
Боловсролын Дээд Зөвлөлийн тэргүүн Мехди Навид Адхам “Бага насны хүүхдүүдэд англи хэл заасан улсын болон хувийн сургуулиуд хууль зөрчсөнд тооцогдох болно” гэж мэдэгджээ.
Гэхдээ хэзээнээс уг хориг сургуулиудаар хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ