Японы сансрын нисгэгч 9 см бус 2 см-ээр өсчээ
2018-01-10

Олон улсын Сансрын станцад ажилладаг Японы сансрын нисгэгч Норишигэ Канай гуравхан долоо хоногийн дотор биеийн өндөр нь 9 см-ээр өссөн гэдгээ мэдэгдэж, олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан билээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “ОУСС”-д ажиллах болсон бөгөөд хэтэрхий богинохон хугацаанд биеийн өндөр нь өөрчлөгдсөн явдал олныг гайхшруулсан юм.

 

Канай энэ даваа гаригт өөрийн твиттер хуудастаа “Өглөөний мэнд. Би өнөөдөр та бүхэндээ тун чухал мэдээ дуулгах гэж байна. Би сансарт гарсанаас хойш анх удаагаа биеийнхээ өндрийг үзлээ. Гэтэл гайхалтай нь би 9 см-ээр өссөн байна” гэж жиргэжээ. Уг жиргээнээс гадна тэрбээр  “Би гурван долоо хоногийн дотор ургамал шиг л өссөн байна. Дунд сургуульд байхдаа л ингэж өссөн байх. Одоо би буцахдаа “Союз" хөлгийн суудалд багтахгүй болохоос айж байна” гэв.

 

Сансрын нисгэгч нар дэлхий рүү буцахдаа ОХУ-ын “Союз” капсулаар буудаг байна.  Уг капсул нь хэтэрхий жижигхэн мөн нарийн хэмжээ, стандарттай байдаг учир гэнэт өссөн Канай суудалдаа багтахгүй, улмаар гэртээ харьж чадахгүй хэмээн болгоомжилсон аж.

 

Тэгвэл хурдацтай өссөн сансрын нисгэгч өчигдөр хөлгийн ахмадынхаа хүсэлтээр дахин өндрөө хэмжүүлжээ. Гэтэл тэрбээр 9 см бус 2 см-ээр өссөн болохыг тогтоосон байна.

 

Канай өнөөдөр твиттертээ “Хэмжилтийн алдаанаас болж худлаа мэдээлэл тараасандаа уучлалт гуйя. Одоо “Союз” хөлөгт сэтгэл амар сууж, буцах боломжтой боллоо” гэж жиргэжээ.

 

“Сансрын нисгэгчид задгай сансарт ажиллаж байх хугацаандаа өсөх тохиолдол байдаг гэнэ. Гэхдээ хамгийн дээд тал нь 2 см-ээр өсдөг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин