Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцөлийг сайжруулах чиглэлээр боловсруулсан үндэслэл, тооцоо, судалгаа бүхий хэрэгжих боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болох төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах арга хэмжээг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд зохион байгуулна.
Танилцуулах хөтөлбөр, төсөл нь Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-той уялдсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу боловсруулагдсан байх ёстой аж.