ШӨХТГ-ын дарга ба шатахууны үнэ
2018-01-16

 

Шатахууны үнэ талийлаа. Тэр тодорхой болж байна. Зарим компанийн ШТС-ууд АИ-92, АИ-95, АИ-98 автобензиний үнийг нэмжээ. Гэхдээ албан ёсоор энэ талаар мэдээлэхгүй байгаа юм. Яваад очихоор октан өндөртэй нь нэмэгдсэн үнээрээ байж байна. Харин манайхны өргөн хэрэглэдэг АИ-92 автобензинийг бараг бүх ШТС түгээхгүй байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс олдоц нь ховордсон. Тиймээс зарим нь үнээ 190-230 төгрөгөөр нэмж, зарим нэг нь зөвхөн өөрийн компанийн талоноор түгээж байна.

 

Энэ мэтчилэн шатахууны үнийг дагасан эмх замбараагүй явдал Монголд болж байна. Үр дүнд нь өргөн хэрэглээний барааны үнэ тэр чигээрээ нэмэгдэх эрсдэл гарч ирнэ гэсэн үг.

 

“НИК”, “Петровис” компанийнхан сэтгүүлчдэд хандаж, байнга алдагдалтай ажилладгаа хэлжээ.

 

Тэдний алдагдал литр тутамд 250-300 төгрөг гэнэ. “…Засгийн газар он гартал битгий үнээ нэмээрэй гэсэн. Энэ дагуу нэмэлгүй он гаргасан” гэж байна. Харин Засгийн газрын өмнөөс энэ асуудлаар голлож ажилладаг ШӨХТГ “…Шатахуун импортлогчдод хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, шатахуун импортлогчидтойгоо ойлголцосонгүй ээ гэсэн үг.

 

Явж явж шатахуун импортлогчид үнээ 300 хүртэл төгрөгөөр нэмж, ШӨХТГ буюу Засгийн газар “ниргэсэн хойно нь хашгираад” л өнгөрнө.

 

Яагаад гэвэл яг ийм явдал өмнө нь болж байлаа. Бараг долоон жилийн өмнө, 2012 оны нэгдүгээр сарын 6-нд шатахууны үнэ литр тутамдаа 200-300 төгрөгөөр гэнэт нэмэгдсэн. Шатахуун импортлогчид тухайн үед “…Валютын ханш өссөн учир бид үнээ нэмсэн” хэмээн тайлбар өгч байсан юм. Харин ШӨХТГ-аас тэднийг үгсэн хуйвалдсан хэмээн үзэж 17.2 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байв.

 

Гэтэл Б.Лхагва ШӨХТГ-ын даргаар томилогдонгуутаа энэ торгуулийг хүчингүй болгож орхисон юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед ШӨХТГ-ын шинэ дарга Б.Лхагва хэдэн байцаагчидтайгаа хуралдаад шатахуун импортлогч компаниудад оногдуулсан 17.2 тэрбум төгрөгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга байсан Б.Лхагвыг 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар томилж байв.

 

Энэ асуудлаар хэдэн сар “гөвүүлсэн” Б.Лхагвыг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 15-ны хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд дарга болсон О.Магнай хуулийн байгууллагад хандаж байв. Харин Б.Лхагва шүүхэд хандаж, ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх дүгнэлттэйгээр 2016 оны наймдугаар сарын 25-нд ШӨХТГ-ын даргаар дахин томилогдсон юм.

 

Ер нь бол ШӨХТГ-ын дарга Б.Лхагва шатахууны үнийн асуудалтай хоёр дахиа нүүр тулж байгаа юм. Өмнө нь шатахуун импортлогч компаниудад тавьсан торгуулийг хүчингүй болгож байсан. Харин одоо үнээ нэмэхийг нь зогсоож чадсангүй ээ.

 

Эцэст нь, шатахууны үнийг дагаад бусад бүх барааны үнэ нэмэгдэнэ. Харин ШӨХТГ шатахуун импортлогчдыг шүүхэд өгсөн, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн, торгууль тавьсан болж, тэдний хооронд бичиг цаас шидэлцэж, зарга ярьсаар өнгөрнө. Өмнө нь ийм л юм болсон. Энэ удаад ч давтагдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин/:
Tumen shaltag toochij luivraa zobtgodog nh sorogchdiin arga. Yamar ch shaltgaan toochson ter nh zohiomol hudal.Neeren l ard tumnee gesen tor zasag baigaa bol ene huvalz met sorogch het catgaldsan amhtdaas shatahuun importloh erhiig nh huraaj zasag medeldee ab. Cag nh bolloo.Moljij baigaa yasaa orovddog mahchin baidag biluu? Ted yag tiim l amhtad
2018-06-28
МОНГОЛ:
АРД ТҮМЭН ЭРХ МЭДЛЭЭ ТӨР ГЭДЭГ ХИЙСВЭР ЗҮЙЛД ИТГЭЖ ӨГСӨН ШҮҮ...ОЛНЫ ИТГЭЛИЙГ ХӨСӨР ХАЯЖ БАЙНА ДАА ДАРГА НЭРТЭЙ ЛУЙДАРЧИД...
2018-06-27
Зочин:
Тэр цаасан дээр барьсан нефть боловсруулах үйлдвэрээ хурдан барж хятадууд зөөж дуусхаас нь өмнө ашиглалтанд оруулаач.Орсууд манайд хаямд үнэтэй колонк байгуулхя гээд байхад яагаад оруулахгүй байдаг юм бэ?тэднийг монгол оруулаач тэгвэл ийм үнэ нэмж чадахгүй шүү дээ.
2018-01-19