Ч.Чулуунбат: Шатахуун манай улсад дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд байдаг

Шатахууны үнэ, эдийн засаг дахь нөлөөллийн талаар талууд хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Ингэснээр 2017 оны долоо, арваннэгдүгээр сард шатахуун импортын татварыг нэмсэн. Үүнтэй холбоотойгоор шатахуун импортлогчид хомстол үүсгэж, шатахууны үнэ нэмсэн зэрэг асуудал гарах болсон. Тиймээс шатахуун импортлогч болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сардд хоёр удаа хуралдсан. Хоёр дахь хуралдаанаар буюу энэ сарын 18-нд р шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг “АИ-92”, “А-80” бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Мөн “А-95”, “А-98”, “Евро-5” зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм.
Б.Лхагважав: Шатахуун импортлогчид ядаж авчирсан үнэ дээрээ ашгаа нэмээд зарах хэрэгтэй
Харин импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа тул шатахууны үнийг чөлөөлөхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын байр суурийг сонслоо.
-Бензиний үнэтэй холбоотой асуудлыг 2009 оноос л ярьж эхэлсэн. Үүнээс хойш долларын ханшийг хэт багаар үнэлж, мөнгөний бодлогыг татвараар дэмжих маягаар энэ асуудлыг зохицуулж байсан. Үнийг төр зохицуулдаггүй гэдгийн маш тод жишээ нь энэ. Импортлогчид 100-200 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Импортлогчид буяны байгууллага биш. Тиймээс шатахууны үнийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хоёрт, евростандартыг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 жилд шатах, тослох материал 600 мянгаас 1.5 сая тонн хүртлээ нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Өмнө нь уул уурхай, нийтийн хэрэгцээний шатахууны татвар ялгаатай байх асуудал яригдаж байсан юм. Бид шатах тослох материалын хэрэглээгээ ангилах цаг болсон. Ганцхан үнээр яваад байгаадаа асуудал гарч байна. Нөгөө талаас алдагдлын асуудал байна. Тийм учраас үнээ чөлөөтэй тавьж, нийлүүлэлтийг сайжруулбал махны үнэ буурдагтай адил буурах боломж бий. Би компаниудыг хэт ашиг олж байна гэж бодохгүй байна. Ядаж авчирсан үнэ дээрээ ашгаа нэмээд зарах хэрэгтэй.
Хамгийн гол нь зөвшилцөлд хүрэх чухал. Зөвшилцөлд хүрэх гол арга нь эрэлт, нийлүүлэлт гэдгийг ойлгох цаг болсон. Үүнийг далимдуулаад энэ салбарыг нийгэмчлэх, буцаагаад төрд авах саналууд гарч байна. Уучлаарай тийм асуудал байж болохгүй.
Ч.Чулуунбат: Шатахууны үнийг барих шаардлагагүй, зах зээлийн горимоор нь явуулах нь зүйтэй
УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат
-Доллар өссөн ч шатахууны үнийг олон жил барьж байсан нь төрийн зохицуулалттай холбоотой. Шатахуун импортлогчид үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа юу. Өмнө нь шатахуун импортлогчид хэдэн хувийн ашигтай ажиллаж байсан бэ. Шатахууны үнэтэй холбоотой энэ асуудлыг цаашид хэрхэн зохицуулах вэ?
-Дэлхийн зах зээлд нэмэгдээд байгаа шатахууны үнийг Засгийн газар 2016 оноос албан татварыг гурван үе шаттайгаар бууруулсан. ОУВС-гийн хөтөлбөрт багтсанаар 2017 долоодугаар сараас эхлэн албан татварыг нэмсэн. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Эрэлт нэмэгдсэн энэ үед түгээлтийг хориглосон учраас хомсдол үүсэх нэг шалтгаан болж байна. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж мөн нэмж хүргэсэн. 2017 оны аравдугаар сараас импортлогч компаниудын баланс хасах руугаа орсон. Одоо Засгийн газраас татвараар зохицуулах боломжгүй болчихсон байгаа. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд гэрээ хэлцэл хийх юм билээ. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Засгийн газраас үнийг барих арга хэрэглэсэн. 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан ажиллаж байна. Импортлогчид гурав орчим хувийн ашигтай ажиллахыг зорьдог. Ашгийн хэмжээ нь маш бага. Амралтын өдрүүдэд “АИ-92” хомстсон нь түгээлт болон зарим ШТС-ууд түгээлтээ зогсоосонтой холбоотой. Томоохон аж ахуйн нэгжүүд эрэлтээ дийлэхгүй байна.
Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбоотой энэ салбарт үнийг бариад байх шаардлагагүй, зах зээлийн горимоор нь явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Шатахууны үнийг хэрхэн тогтоож байна вэ?
-Монгол Улсад импортлогдож байгаа газрын тосны бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ОХУ-аас орж ирдэг. Үүний 80 гаруй хувийг “Роснефт” компаниас авч байна. Шатахууны үнийг өмнөх сард Сингапурын зах зээлд зарлагдсан дундаж үнээс хамааруулж тогтоодог. Монголд импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая тонн нь автобензин, дизелийн түлш байна. Үүний 1/3 нь буюу 33 хувь нь автобензин. Автобензиний 90 гаруй хувь нь жижиглэнгээр борлуулагддаг. Монгол Улсад борлуулагдаж буй үнэ дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд байдаг.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав Засгийн газар шатахууны үнийг чөлөөлөх ёстой гэсэн байр суурьт хатуу зогслоо. Харин Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ, шатахууны үнийн асуудал Цагаан сараас өмнө шийдэгдэх үү, ОУВС-гийнхан Монголд ирээд ямар шийдвэр гаргах бол зэрэг олон асуулт хариултгүй үлдлээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ