Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг хэлэлцлээ
2018-01-23

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь салбарт Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад явдлын яам хоорондын 1996 онд хийсэн тохиролцоо, Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци” болон хоёр талын хооронд 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу консулын барилга барих зориулалтаар 1200 м.кв газрыг олгосон байдаг. Дээрх хэлэлцээрийн дагуу уг газар нь БНХАУ-д хамаарч Монгол Улс 70 жилийн хугацаатай ашиглах эрхтэй, газар дээрх барилга байгууламжийн өмчлөх эрх нь Монголын талд байна гэсэн заалттай байдаг аж.

 

 

Уг тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт олгох газрын хилийн зааг, талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй аж.

 

УИХ-аас уг тогтоолын төслийг баталсны дараа Монгол Улсын Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээг байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.

 

УИХ-ын тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Би оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. ГХЯ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Куба-Монгол Улсын Засгийн газар хоорондын байрын асуудлыг бас ярих хэрэгтэй. Куба Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын хоёр байрны түрээсийг Кубын Засгийн газар хариуцдаг. Гэтэл Монгол дахь Кубын Элчин сайдын байрны засвар  үйлчилгээ нь хүндэрсэн юм билээ. Үүнийг манай Засгийн газар шийдэх хэрэгтэй. Учир нь би Монгол-Кубын парламентын бүлгийн ахлагч нь байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг гаргасан. Гадаадын дипломат төлөөлөгчийн газартай холбоотой асуудал яригддаг. ОХУ-ын Элчин сайд “манай газар одоог хүртэл манай нэр дээр байдаггүй гэдэг. Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газар маргаантай байж саяхан шийдэгдлээ. Бид олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх ёстой. Мөн гадаад улсад байгаа манай газрын асуудал маргаантай юм билээ. Тухайлбал, Москва хот дахь Арбатын байрыг Чеченьчүүд авсан гэх яриа  байдаг. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй гэлээ.

 

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин