УИХ-ын дарга М.Энхболд багш нарт мэндчилгээ дэвшүүлэв
2018-01-24

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт багш нарын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдод хандан мэндчилгээ илгээсэн байна. Мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг уншиж танилцууллаа.

 

 

Мэндчилгээ

 

Эрхэм зочид оо!

 

Төлөөлөгчөөр оролцож буй Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид ээ!

 

Багш нарын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогч Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

 

Дэлхий ертөнц урьд өмнө байгаагүйгээр харилцан хамааралтай болж буй өнөө цагт нийгмийн бүхий л салбарт өөрчлөлт гарч, “маргааш хэрэгтэй байгаа ур чадвар, чадамж”-ийг дэмждэг боловсролын шинэ хэлбэр, зохион байгуулалтыг Та биднээс нийгэм маань шаардаж байна. Дэлхий дахинаа сургалтын арга, агуулга, суралцах орчны хувьд огцом өөрчлөлтүүд ч явагдаж байна. Энэ өөрчлөлт шаардлагад Улсын маань боловсролын салбар шинэ байр суурь, хандлагаар хандах ёстой гэж үзэж байна. 

 

Хөгжлийн чиг хандлага, уламжлал шинэчлэлд тулгуурлан ерөнхий боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, харилцан ойлголцох, шийдэх арга замаа зөвлөлдөж нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал байна. Энэ ч утгаараа манай багш нар анхдугаар зөвлөгөөнөө хийснээс хойш 11 жилийн дараа дахин чуулж байна.

 

Боловсролоор дамжуулан бүтээлч, хариуцлага, ёс зүй, мэдлэг, чадвартай иргэн төлөвшүүлэх нь багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч Та бидний хамтын нэгдмэл үүрэг юм. Харин боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэдгээрийн тогтвортой байдлыг хангах, бодлого, шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байна.

 

Манай парламент боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, тэгш хамран сургах, тэгш боломж олгох асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний нэгэн жишээ нь Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны Байнгын хорооноос 2017 онд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, дээд боловсролын асуудлаар 4 тогтоол гаргаж хяналт тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарт 1.6 их наяд төгрөг буюу төсвийн зардлын 5 төгрөг тутмын нэг төгрөгийг зарцуулахаар баталлаа. Цаашид ч Улсын Их Хурлаас боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг боломжит хэмжээгээр өсгөж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно.

 

Боловсролын хөгжлийн чиг хандлага, сургууль, багшийн өмнө тулгамдсан зохицуулалт зайлшгүй шаардсан харилцаанд зохицуулалт хийх шаардлага ч байгаа.

 

Үүнийг Улсын Их Хурал анхааралтай авч үзэж шийдвэрлэх болно. Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлыг тусгаж батлахаар төлөвлөж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж, бүтцийг эргэн харж, бага, дунд, ахлах сургуулийг бие даасан сонгодог агуулга бүтцээр хөгжүүлэх, ахлах сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нэвтрүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч, эрүүл ахуйчийг орон тоогоор ажиллуулах, багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээ, код бий болгох, багшийн  ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй, тогтолцоог бүрдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, нэн ялангуяа хөдөөгийн сургуулиудыг шаардлага хангасан усан хангамж, ариун цэврийн байгууламжтай болгох зэрэг зохицуулалтыг Боловсролын тухай хуульд тусгах хэрэгцээ байна.

 

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчин, багш, ажилтны нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа зэрэг өргөн хүрээг хамарсан боловсролын хөгжлийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг бодлого, шийдвэр, төсөв, санхүү, хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй дэмжин ажиллах нь Улсын Их Хурлын чухал үүрэг байх болно.

 

Өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж байгаа багш нарын хоёрдугаар зөвлөгөөн боловсролын эрх зүйн орчныг сайжруулах, багшийн хөгжил, мэргэжлийн ёс зүй, нийгмийн баталгаа, сургалтын чанар, үнэлгээ, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшил зэрэг олон асуудалд онцгой анхаарал хандуулж оновчтой шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна.

 

Монгол түмнийхээ үр хүүхэд, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх их үйлс тань өнө мөнхөд, өөдрөг гэгээн байхын ерөөлийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Эрдэм ухаан түгэн дэлгэрч, Эх орон маань хөгжин дэгжих болтугай!

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

 

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр. Улаанбаатар хот.

ЭХ СУРВАЛЖ: http://zuvluguun.edu.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Мэндчилгээ яах вэ?Дээдууд их замбараагуй,тэднийгаа яаж ч чадахгуй улс юм даа,Монгол улс
2018-01-24