Хагас тэрбум долларын үнэлгээтэй крипто валют алдагджээ

Японы “Coincheck” арилжааны төвөөс 58 тэрбум иен буюу 534 сая ам.доллартай тэмцэх үнэлгээтэй крипто валют алга болсон талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.
Энэ талаар тус байгууллага өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас тусламж хүсчээ.
Уг хэргийн ард хакерууд байж болзошгүй хэмээн хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын мэргэжилтэн хэлэв.
Өнгөрсөн 2014 онд Японы “MtGox” арилжааны төвөөс 48 тэрбум иен /480 сая ам.доллар/ алдагдаж байсан бөгөөд энэ хэрэг тус улсын түүхэнд үйлдэгдсэн хамгийн том луйврын хэрэг байжээ.
“Coincheck” арилжааны төвийн ерөнхийлөгч Коичиро Вада “Бид энэхүү хэргийг заавал илрүүлэх болно. Бүх харилцагчаасаа уучлалт гуйж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр мөн харилцагчдынхаа мөнгийг эргүүлэн төлөхийн тулд гаднаас санхүүжилт авахаар төлөвлөж буй гэнэ.
Баасан гаригийн шөнийн 3 цагийн үед системд нь гадны халдлага орж, улмаар хагас тэрбум долларын үнэтэй крипто валют алдагджээ. Уг үйл явдлаас болж тус байгууллага тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоожээ.
Японы Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаа өнгөрсөн оны эцсээр “Coincheck” төвийн удирдлагуудад дотоод сүлжээнийхээ аюулгүй байдлыг сайжруулах, хакеруудын дайралтаас болгоомжлохыг уриалсан аж. Харин уг сануулгад төвийн удирдлагууд тийм ч их ач холбогдол өгөөгүй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ