Улаанбаатар
Бизнес инкубатор төвийн 2018 оны анхны элсэгчид тодорлоо
2-1

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн “Бизнес инкубатор төв”-д мэдээллийн технологийн чиглэлийн мэргэшүүлэх сургалтуудыг амжилттай дүүргэсэн  Г.Ганболд, А.Төрболд, Б.Баярбат, Ж.Бэгзсүрэн, Ц.Шинэбат нар 2018 оны анхны элсэгчээр сонгогдлоо.

 

 

“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж, амжилттай суралцсан залуучуудыг “Бизнес инкубатор төв”-дөө элсүүлэн дадлагажуулж, мэргэшүүлэн, бизнесээ эхлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. 

 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бизнес инкубатор төвд хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440,000 төгрөгийн тэтгэлэгийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА” болон төслийн хэрэгжүүлэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвөөс олгож байгаа юм. Энэ сараас манай “Бизнес инкубатор төв”-ийн тэтгэлэгт хамрагдаж байгаа залуучууд нийлбэр дүнгээрээ сар бүр 3,960,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авах болно. Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти”  /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д шууд элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтойг дурдахад таатай байна. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

 “Бизнес инкубатор” төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд элссэн 11 иргэнээс  дөрвөн залуугийн дадлагажих хугацаа дуусаагүй байгаа бол зургаан залуу ажлын байраар хангагдлаа. Мөн “Соёмбо тек” ХХК-ийн бизнесийн гарааг  эхлүүлсэн юм.

 

Тус төвийн гол зорилго нь мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой, дэмжлэг туслалцаа шаардлагатай компани болон хувь хүмүүст ажлын таатай орчин, менежментийн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны зардал, сургалт, программ хангамжийн багц, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон компани болгож, өсгөн бойжуулахад оршино. Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа Бизнес инкубаторт төвийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэ, шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэн байх шаардлага тавигдах юм.

 

Сонирхсон хүмүүс Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ болон 9712-5557 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин