Улаанбаатар
Хууль зүйн байнгын хороо хуралдав
2-6

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 10 цаг 19 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн  шийдвэрлэв.

 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

 

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны нэгдүгээр сарын  31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

 

 

Тус хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцсон байна. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын тодруулсны дагуу Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэц 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцжээ. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... хөрөнгө чинээ, …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, мөн зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлт дэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна хэмээх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор тус бүр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

 

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээ. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

 

 

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.

 

Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн бүртгэлийн газрын дарга Ч.Нармандах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Эрдэнбулган нар байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, тодруулга хийв. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг “цагаач” гэж тодорхойлсон байдаг талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн дурдаад “Цагаач гэдэг нь орогнол хүсч байгаа биш, АНУ-ын ногоон карттай төстэй. Өөрийн улс орны иргэний харъяалалтай хэвээр байдаг. Тухайн гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан үзэж байж хүсэлтийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шалгуур өндөр байдаг” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Байнгын хорооны даргын тодруулсны дагуу тогтоолын төсөл дэх тодорхой өөрчлөлтийн талаар тайлбар өгөв. Гишүүд төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

 

 

Улсын Их Хурлаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулсан байна. Иймд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2014 оны зургаадугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ. Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайлан батлагдсан. Үүгээр манай улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосонтой холбогдуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймд дээрх төслийг боловсруулсан бөгөөд хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна.

 

 

Танилцуулгатай холбогдуулан асуусан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нарын асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, дэд сайд Б.Энхбаяр, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар хариулт өглөө. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжив.

 

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

 

 

Байнгын хорооны хуралдааны эцэст хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлжээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин