Улаанбаатар
Түрээсийн орон сууцны эргэн төлөлт, эрэлт ч өндөр байгаа
2-6

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар  “Ахмадын орон сууц” болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Өргөдлийн байнгын хороо маш чухал асуудлаар ярьж байна. Эрэлт хэрэгцээ өндөр байгаа. ТОСК энэ чиглэлд гардаж ажиллах учиртай. БХЯ, нийслэл энэ чиглэлээр ажиллаж байна. ТОСК ахмадуудаа түрээсийн орон сууцаар хангах асуудал 2018 онд ямар байгаа вэ? Төр, засгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай бол?

 

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:

 

-Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо ТОСК дээр ажилласнаас хойш 360 айлын орон сууцыг ТОСК-д шилжүүлсэн. Дуусаагүй 972 орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаас Түрээсийн орон сууцны сан нэмэгдэнэ. 82.3 тэрбум төгрөг төрөөс ТОСК-д шилжээгүйгээс алдагдалтай ажиллаж байна гэлээ.

 

Нийтдээ 20 мянга гаруй айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулахад нэг их наяд гаруй төгрөг шаардлагатай байгаа аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлд 89 мянган айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм байна. Харин санхүүжилт хараахан шийдэгдээгүй юм байна. Сүүлийн үед газар хөдлөлтийн гамшиг их бүртгэгдэж байгаа. Тиймээс хуучин орон сууцнуудыг дахин төлөвлөх шаардлагатай. Улаанбаатар хотод нийтдээ 54 барилга байгаа. Үүнийг буулгаад буцаан барихад 100 тэрбум төгрөг хэрэгтэй гэж нийслэлийн Засаг даргын орлогч н.Баярхүү мэдээлэв.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Түрээсийн орон сууцны төлбөрийн эргэн төлөлт, эрэлт ямар байна вэ?

 

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:

 

-Түрээсийн орон сууцны орлогын эргэн төлөлт өндөр. Жилдээ 98 хувийн төлөлттэй буюу 3.6 тэрбум төгрөг. Түрээсийн орон сууц зарлагдаад 10 гаруй  хоног бүртгэхэд 7мянга гаруй иргэн бүртгээд, 3 мянга гаруй нь шаардлага хангасан. Нээлттэй бүртгэл явуулбал үүнээс илүү иргэд хамрагдах юм.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Хэдийгээр түрээсийн орон сууцны ам.метрийн үнэ 6000 төгрөг гэж байгаа нь Улаанбаатар хотод хямд. Гэхдээ зорилтот бүлэгт энэ нь хүнд тусна. Тиймээс  бага ам.метртэй орон сууц баривал ямар вэ? Хамгийн доод тал нь хэдэн ам.метр байранд айлууд байна вэ?

 

БХБ-ын сайд н.Лхамсүрэн:

 

-39-68 ам.метрийн хооронд түрээсийн орон сууц байгаа. Орон сууцны стандартад нэг өрөө байрны хамгийн доод хэмжээ 30 ам.метр гэдэг. 20 ам.метр гэдэг нь оюутны дотуур байр болно гэв.

 

“Нийслэлд баригдах түрээсийн орон сууц 30 ам.метр байх гэнэ. Уг орон сууцны ам.метр нь 1.2 саяас дээш гаргахгүй. Түрээсийн төлбөр нь үндсэн төлбөр болоод явна.” гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч н.Баярхүү хариуллаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин