Ж.Батсуурь нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэл, холбогдолтой эрүүгийн хэргүүд байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ