ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа
2018-02-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. 

 

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Улсын дээд шүүхийн хүсэлтээр  хянан хэлэлцлээ.

 

Тус хуульд, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан байна. Энэ заалтаар шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлжээ.

 

Ингэснээр, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачлага, хүсэлтийн үндсэн дээр явуулах, мэтгэлцэх, зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж улмаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэж,  хуулийн заалтын үйлчлэлийг  түдгэлзүүлээд байсан юм.  Холбогдох байнгын хороо ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлийг хүлээж авахыг дэмжсэн байна. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа. 

 

Дараагаар нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин