Ээлжит Засгаа байгуулсан эрх баригчдын ”мартагдашгүй намар”
2018-02-09

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Намрын чуулганы  хугацаанд баталсан хууль тогтоол, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлсэн ажлуудаас УИХ-ын дарга  уламжлал ёсоор  дүгнэн хэлэх байх.

 

Өнгөрсөн онд эдийн өсөлттэй гарсан, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд эрсдэлд өртөх магадлал буурсан,  валютын нөөц нэмэгдсэн, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Цалинтай  ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, тэтгэврийг 27 мянга хүртэл төгрөгөөр нэмсэн нь нийлбэр дүнгээрээ хэдэн тэрбумаар тоологдоод явчихна.  Гэвч энэ сайн мэдээ, сайхан арга хэмжээний  хүрээнд бодит амьдрал дээр иргэдийн өрхийн төсөв мэдэхүйц нэмэгдэж, амжиргаа дээшилчихээгүй байгаа нь үнэн.

 

Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн УИХ-аас Агаарын бохирдлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг ширхэг бүрчлэн заан тусгасан тогтоолыг Засгийн газарт үүрэгдсэн. Засгийн газар  УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг ирэх хавраас хэрэгжүүлж,  гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах, түүхий нүүрсийг боловсронгуй болгох ажилдаа ханцуй шамлан орохоо удаа дараа мэдэгдээд байгаа.  Тиймээс нийслэлчүүд нийтээрээ утаа, угаар дунд амьдарч, агаарын бохирдлын улмаас хүний амь эндэж байгаа  харамсалтай, эмгэнэлтэй явдал ирэх өвөл дахин давтагдахгүй гэж найдах л үлдээд байна, олон нийтийн хувьд.

 

 Энэ намрын чуулганы эхэнд  эрх баригч хүчин ээлжит Засгийн газрын танхимаа бүрдүүлж, намын  шинэ удирдлагаа томиллоо.   Парламентад нэг улс төрийн хүчин  олонхи болсон үед  Засгийн газар тогтвортой байдаг гэх төрийн уламжлалыг үнэмлэхүй олонхи   МАН эвдлээ.  “Дан дээл”-тэй эрх баригч хүчний удирдагч У.Хүрэлсүх Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ  100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. “Давхар дээл”-тэй  танхимын  бүрэлдэхүүн Засгийн газрын бодлого, шийдвэрийг УИХ-д таниулах, батлуулахад дэм болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Гэхдээ түүнд зөвхөн Засгийн газрын  гишүүдээрээ УИХ дахь МАН-ын бүлгээс  дэмжлэг авахуулах бус, парламентын 76 гишүүнийг төдийгүй МАН-ын олон зуун мянган гишүүнийг, төр, засгийг  удирдах эрх баригч хүчний удирдагчийн  албан тушаал бий. Гэвч энэ албан тушаалын бүрэн эрхээ  бусад бүлэг фракцуудтай тохиролцохгүйгээр  хэрэгжүүлэхгүй гэдэг нь Засгийн газрын бүрэлдэхүүнээ   томилгооноос нэгэнтээ харагдсан. Тиймээс  өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хазгай гишгих төдийг түүнийг түших бус түлхэх журмын нөхөд захаас аваад байгааг гадарлаж байгаа.  Ер нь хавраас дараагийн энэ Засгийг огцруулж, дараагийн ээлжийг томилно гэх бор шувуу ниссээр байгаа. Төр, засгийг тогтвортой байлгах эсэх нь эрх баригчдын бүрэн эрхийн хугацааны мэдлийнх. Гэхдээ 2020 он ойрхон байгаа шүү.

 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв, сахилга батыг чанд сахина гэж долоон төрлийн татвар нэмсэн. Татварын нэмэгдэл шинэ он гарсаар хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шатахууны хомсдож, үнэ нь нэмэгдсэн,  иргэд ч ХХОАТ-аасаа тануулж, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгсон сураг байгаа.  Эдийн засгийн хүндрэл дээр татварын нэмэгдэл нуруун дээр нь ирсэн олон нийтийн бухимдал, эсэргүүцлийг  төр, засгаас хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч, нэмсэн татваруудаа буцаалаа. Харин хүүхдийн мөнгийг алагчлан олгох шийдвэр хэвээр үргэлжилж байна.   Нийгмийн бухимдал  дээд цэгтээ хүрсэн энэ үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 350 сая ам.долларын үнэ бүхий, үйлдвэрийн будгийн үнэр ч гараагүй, шинэ загварын “Lexus-570” марк, хамгаалалтаар тоноглогдсон  машин хөлөглөж байгаа нь “гал дээр тос”  нэмлээ.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногийн  талаарх мэдээллийн үеэр  Ц.Нямдорж сайдыг машинаа зарахыг үүрэгдэж байсан. Гэхдээ зарсан эсэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд сонсогдоогүй.

 

Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ёсзүй, хариуцлагын асуудал дахин сөхөгдсөн. Хаврын чуулгантай завсарлахтай зэрэгцээд УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон бол энэ удаад УИХ-ын гишүүн Б.Мурат бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дэгдлээ.  Цаашлаад Элчин сайдын томилгооны асуудал хэлэлцэгдэх үед БНСУ-д Элчин сайдаар нэр дэвшсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдыг БХ-ын сайд байхдаа хойд Солонгост хууль бусаар зэвсгийн наймаа нийлүүлэх гэж 300 мянган ам.доллар авсныг “илчлэв”. Тиймээс ирэх хаврын чуулганаар гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах хуулийг хэлэлцэхийг сөрөг  хүчин сануулж байна лээ. 

 

Ийнхүү ээлжит Засгаа байгуулсан эрх баригчдын нэгэн намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин