Меркел залуу сайд нараар Засгийн газраа бүрдүүлнэ
2018-02-12

Германы Канцлер Ангела Меркел өнгөрсөн долоо хоногт “Социал демократ” намтай эвсэл байгуулсанаар дөрвөн сар гацаад байсан төрийн ажил бага багаар урагшилж эхэлсэн юм.

 

 

Меркел намынхаа залуу гишүүдийг шинэ Засгийн газарт сайдаар ажиллахыг уриалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Тэрбээр өчигдөр төв телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Шинээр байгуулагдах Засгийн газарт туршлага ихтэй улстөрчдөөс гадна залуу сайд нараа бүрдүүлэхийг зорьж байна. Залуу хүн шинэлэг санааны эзэн байдаг” гэж хэлжээ.

 

Түүний тэргүүлдэг “Христийн ардчилсан холбоо” нам “Социал демократ” намтай хамтарч, ирэх дөрвөн жил засаг барихын тулд “Социал демократ” намын 460,000 гишүүний дунд санал хураалт явуулах билээ.

 

Социал демократ намын дарга Мартин Шульц шинэ Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллахаас татгалзжээ. Тэрбээр татгалзсан шалтгаанаа “Намаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна” гэв.

 

Меркел Засгийн газарт ажиллах зургаан сайдын нэрийг дэвшүүлээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин