Террористуудын барьцаалсан 76 охиныг армийнхан чөлөөлжээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрөгч амралтын өдөр Йобе муж дахь сургууль руу гэнэт халдсан билээ.
Уг халдлагаас урьтаж багш, сурагчид зугтаж чадсан ч 100 гаруй охид, бүсгүйчүүд сураггүй болжээ.
Тэгвэл армийнхан террористуудын хулгайлсан гэгдэх 100 гаруй охидоос 76-ыг нь амжилттай чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөн уг ажиллагааны үеэр хоёр сурагч амиа алджээ. Тэднийг ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэв.
Харин үлдсэн охидыг өнөөг хүртэл хайсаар байгаа бөгөөд “тэднийг террористууд хил давуулахаас нь өмнө олно” хэмээн гэр бүлийнхэнд нь амлажээ.
Террористууд өнгөрсөн 2014 онд Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 274 охиныг хулгайлсан юм.
Армийнхан олон улсын дэмжлэгтэй олон удаа ажиллагаа явуулсан боловч охидын байршлыг тогтоож чадаагүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ