Ж.Батзандан: С.Баяр ТА эрлэг рүү явж бай

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан ил захидал илгээсэн. Тэрбээр захидалдаа “...Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийнүүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…” хэмээн бичсэн.
Энэ захидалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хариу өглөө. Тэрбээр С.Баярт хандан “Нас маань дөч дөнгөж гарч байна. Хүүхдүүд маань нялх байна. Таньтай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та яарч байгаа бол явж болно” гэсэн хариуг өглөө.
Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалах үйл явдалд С.Баяр оролцсон хэмээн Ж.Батзандан хэлсэн. Энэ мэдээллийн дагуу Ж.Батзанданг шүүхэд өгсөн аж.
Ж.Батзандан “С.Баярын Засгийн газар олон зүйлийг будилуулсан. Жаст-ын Батхүү С.Баярын маш ойрын найз. Эрдэнэт-ийн Ганзориг С.Баярын маш ойрын хүн. Д.Сугар томилсон, шууд удирдлаганд нь байсан хүн. Гэтэл Ерөнхий сайд нь надад хамаагүй, би мэдээгүй гэж бултах ямар ч боломжгүй. Би шинийн 8-ны дотор ахмад хүнтэй хэрүүл тэмцэл хийхийг хүсээгүй. Сар шинэ хуучирсан учраас С.Баяр гуайн ууртай захидалд хариулт өгч байна. С.Баяр гуай ухаантай, хашир, настай хүн юмыг ултай суурьтай бодно гэдэгт итгэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Хурцаас уучлал гуйхгүй
ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан худал мэдээлэл тараасан учраас уучлал гуйх ёстой гэсэн нэхэмжлэл гаргасан аж. Шүүхээс Ж.Батзандан, Б.Хурцаас уучлал гуйх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. Гэхдээ няцаалт хийх шаардлагатай хэмээн үзжээ. Харин шүүхийн энэ шийдвэрийг ойлгохгүй байгаагаа Ж.Батзандан гишүүн илэрхийлэв. Тиймээс няцаалт хийхгүй хэмээн нийслэлийн шүүхэд давж заалдаж буй аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ