Путин Сирид таван цаг гал зогсоох шийдвэр гаргалаа
2018-02-27

Сирийн нийслэл Дамаскын дагуул Зүүн Гута хотын нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтсоор байна.

 

 

Тус хотноо агаараас цохилт өгч, гэмгүй олон зуун хүн харамсалтайгаар амиа алдсаар байна. Ганцхан долоо хоногийн дотор тус хотноо 560 хүн амиа алдаж, 2000 орчим хүн шархаджээ.

 

Босогчдын хяналтад байдаг 393 мянга орчим оршин суугчтай Зүүн Гута хотноо Сирийн Засгийн газрын цэргүүд агаараас цохилт өгч буй юм.

 

Швед тэргүүтэй олон орон тус бүсэд гал зогсоох шаардлагатай байгаа талаар НҮБ-д уламжлаад байна. НҮБ, ОХУ болон АНУ-ын дэмжлэгтэй Гута хотноо гал зогсоож улмаар олон улсын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхээр зорьж буй юм.

 

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Зүүн Гута хотноо маргааш буюу 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 9.00-14.00 цагийн хооронд гал зогсоох шийдвэр гаргажээ. "Уг хугацаанд олон улс “хүмүүнлэгийн коридор” бий болгох хэрэгтэй” хэмээн Кремлийн тэргүүн мэдэгдлээ.

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Энэ хугацаанд иргэдэд тусламж үзүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

 

Сирийн Улаан загалмай нийгэмлэг уг ажиллагаанд оролцож, алслагдсан бүс нутгуудад тусламж түгээхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин