Нэр бүхий хүмүүсийг "Найрамдал медаль"-иар шагналаа
2018-02-27

 

Шинэ нисэх буудал барих төсөл нь одоогоос 9 жилийн өмнө албан ёсоор эхэлж байсан. Тэгвэл одоо дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий шинэ нисэх буудлыг барих төслийн ажил дуусах шатандаа орж, энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох гэж байна.

 

Хуучин “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 4 дахин их буюу жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18100 нислэгт үйлчлэх хүчин чадал бүхий энэхүү Шинэ нисэх буудлын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан “Самсунг Си энд Ти” корпораци болон “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал медаль”-аар шагналаа.

 

Найрамдал медалиар “Самсунг Си энд Ти” корпорацийн төслийн захирал Ха Сынг Юнг, тус корпорацийн төслийн зам, гүүрийн асуудал хариуцсан менежер Пак Дон Ин, “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн Ерөнхий  менежер Харагүчи Осаму, менежер Маэта Кимихиро болон менежер ЖонТеггарт нарыг шагнасныг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ дээрх нэр бүхий хүмүүст шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Миний бие Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ 2009 онд Шинэ нисэх буудлыг барих төслийг эхлүүлж байсан бол өнөөдөр сайдаар ажиллаж байх үед төсөл дуусах шатандаа орж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ төсөл Монголчуудын хувьд зам тээвэр, агаарын тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт шинэчлэлийг авчирсан, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл юм. Энэхүү том бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд Монголчуудынхаа нэрийн өмнөөс болон салбарын сайдын зүгээс талархал илэрхийлж, шагнал гардуулж байгаадаа баяртай байна. Манай төслийн багийнхан та бүхнээс бид их зүйл суралцаж, арвин туршлагатай боллоо. Цаашдаа олон сайхан бүтээн байгуулалт, төслүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээгээд шагнал гардаж буй эрхмүүд болон Шинэ нисэх буудлын төсөлд хамтран ажилласан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Өчнөөн их мөнгө хусчихаад бас шагнуулж байна гэхээр сонин санагдах юмдаа???...
2018-02-27