Түүхий нүүрсийг хориглосноор агаарын бохирдол хоёр дахин буурна
2018-03-01

Засгийн газрын ээлжит хуралдаанааг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Түүхий нүүрсийг хориглосноор сайжруулсан түлшээр айл өрхийг хангаж чадах уу?

 

-Өнөөдөр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх ажлын  хүрээнд томоохон шийдвэр гаргалаа. Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсийг иргэн, аж ахуй нэгж, байгууллага хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан. Энэ тогтоол хэрэгжиж эхлэхээсээ 14 сарын өмнө гарч байгаа нь иргэд, аж ахуй нэгжийг цаашид түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх, дулааны алдагдлаа шат шатандаа хийх бэлтгэл ажлаа хийх хугацаа өгч байгаа юм.

 

Үүнтэй холбоотой сайжруулсан түлшний үнийн тэнцвэртэй байдлыг анхаарах талаар ЭХ-ний, Сангийн сайд болон миний бие долдугаар сард багтаан Засгийн газарт тогтоол танилцуулах юм.  Ингэснээр агаарын бохирдол буурна. Ард иргэдийн түүхий нүүрсний хэрэглээ хоёр дахин багасна.

 

-Үнийн хувьд ямар байх бол?

 

-Түүхий нүүрсний үнэтэй эн тэнцүү буюу хямд байлгах бодлогыг Засгийн газар барьж байгаа.  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаад сайжруулсан түлшийг нийлүүлэх аж ахуйн нэгж болон бусад дагалдах үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг батална. Сайжруулсан түлшний үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийнхэнтэй уулзсан. Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын алба хамтраад “Монгол шахмал түлш” нэгдлийг бий болгож байна. Тухайн аж ахуй нэгж энэ нэгдэлд түлшээ нийлүүлнэ. Цаашид сайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгжтэй гэрээтэй ажиллана.

 

Нийтдээ 540-600 мянган тонн сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын ард иргэдийн өвлийг давахад шаардагдана гэж үзэж байгаа. Аж ахуй нэгжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг энэ онд багтаан шийднэ.

 

-Түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор гэр хорооллын шөнийн цахилгааныг төлбөрийг бууруулах  шийдвэр үргэлжлэх үү?

 

-Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлээд явна. 21 мянган айлыг хамруулахаар ЭХЯ хэрэгжүүлээд явж байгаа. Мөн нам даралтын зуухыг нэгдсэн халаалтад холбох ажил үргэлжилнэ. Нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна гэж үзэж байгаа. Энэ хүрээнд бэлтгэл ажил болгож Агаарын чанарын албаны технологийг шинэчилнэ. Өнгөрсөн жилүүдийн дунджаар 28-30 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар байгаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин