Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна
2018-3-1

 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит 21 дүгээр хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 26-28-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн даргаӨ.Энхтүвшин, оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

 

Комиссын Монгол хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон бусад албаны хүмүүс орж ажиллав.

 

Хуралдааны дүнгээр талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар тохиров. Хуралдааны үеэр Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулав. Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

 

Энэ удаагийн Засгийн газар хооорондын комиссын хуралдааны үеэр Комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаан дэд комиссын 5 дугаар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдав. Мөн Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэв.

 

Комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний сацуу Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

 

Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын 12 дугаар  хуралдаанаар тус салбарын хамтын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хороонд 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг үзэглэж, Соёлын салбарт 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар тохиролцов

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочилж, тус Академийн ректор В.А.Мау болон монгол оюутнуудтай уулзав. Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус Академийн Хүндэт доктор болов.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Shuud.mn
Сонин хачин