Б.Шүүдэрцэцэгээс уучлалт хүсчээ

Утга зохиолч шүүмжлэгч Г.Батсуурь зохиолч Б.Шүүдэрцэцэгээс 2 дугаар сарын 23-ны өдөр уучлалт хүсч, sonin.mn зэрэг сайтад нийтэлсэн байна. Тэрбээр Б.Шүүдэрцэцэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээн, залруулга гаргахаа хүлээн зөвшөөрчээ. Г.Батсуурь, Б.Тогтохбаяр \Б.Шүүдэрцэцэг\ нарын эвлэрлийг баталж, Сүхбаатар дүүргийн шүүгч С.Энхбаярын захирамж гаргасан юм байна. Г.Батсуурь уучлал хүссэнээр, Б.Шүүдэрцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзаж, энэхүү иргэний хэрэг хаагджээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн өмгөөлөгч нас, хүйсээр ялгаварлан гадуурхсан гэж үзэн Г.Батсуурийн эсрэг нэхэмжлэл гаргаад байсан юм. Г.Батсуурь удаа дараа эмэгтэй зохиолчдыг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхсаныг нотолсон Жендерийн үндэсний шинжээчийн дүгнэлт гарсан нь уучлалт хүсэх үндэслэл болсоныг өөрөө ч залруулгадаа илэрхийлжээ.
Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах олон улсын конвенц, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиудыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн байна.
Жендерийн Үндэсний хорооны шинжээч Ж.Занаа дүгнэлтэндээ “ …МУБИС-ийн багш Г.Батсуурь нь шүүмж бичих нэрийдлээр өнөө үед идэвхтэй бичиж эмэгтэйчүүдийг жендерийнх нь хувьд санаатайгаар гутаан доромжилсон үг хэллэг хэрэглэсэн…, хүнийг гадаад төрхөөр нь дорд үзсэн.., хов жив нь зөвхөн эмэгтэйчүүдийн шинж төрх мэтээр өрөөсгөл дүгнэж.., эмээ нар хэмээн насаар нь гадуурхсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан нийтлэл бичсэн” гэж өгүүлжээ. Энэхүү мэдээллээр Хүний эрхийн үндэсний комисс ч хууль хяналтын байгууллагад хандан байр сууриа илэрхийлсэн юм байна.
Аливаа хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдон, 5400 хүртэлх нэгжээр торгох, 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэлтэй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм. Харин Г.Батсуурь уучлалт хүсэх, Б.Шүүдэрцэцэг нэхэмжлэлээсээ татгалзах эвлэрлийн гэрээг шүүгч баталсан тул нас, хүсээр алагчлан гадуурсан гэх иргэний хэрэг хаагдсан байна. Б.Шүүдэрцэцэг нь “Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Хотол цагаан гүнж“ роман, бүтээлүүдээрээ хүчирхэг эмэгтэйчүүдийн төр, улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, зүрх зориг, оюун ухааны, гавъяа зүтгэлийг харуулахыг зорьдог жендерийн үзэл санаатай зохиолч юм. Тэрбээр “180 хэм” өгүүллэгтээ ”Алтан наран мандана. Алаг дэлхийд хэнийг ч алагчлал үгүй ивгээнэ” гэж өгүүлсэн байдаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ