Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ
2018-03-02

 

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны танхимын ДАШТ Англи улсын Бирмингем хотод эхэллээ. Тэмцээний нээлтийн өдөр ОХУ хоёр алтан медаль хүртээд байна. Тодруулбал өндрийн харайгч Данил Лысенко болон Мария Ласицкене нар өнрийн харайлтын эрэгтэй эмэгтэй төрлүүдэд аваргаллаа. Лысенко өнгөрсөн жилийн Лондонгийн ДАШТ-д Катарын тамирчин Мутаз Эсса Баршимд ялагдаж байсан бол энэ удаа даагаа нэхэж чадлаа. Тэрбээр энэ өдөр 2.36 метр өндөрт харайснаар 2018 оны 9 дэх ялалтаа байгуулсан байна. Харин мөнгөн медалийг хүртсэн Катарын тамирчны хувьд 2.33 метр өндөрт харайжээ. 5 жилийн өмнөөс өндрийн харайлтаар хичээллэж эхэлсэн Лысенкогийн хувьд замналдаа хамгийн том ялалтаа энэ өдөр байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийг Германы тамирчин Матэус Прзибилко өөрийн болгосон. Тэрбээр 2.29 метрийн өндөрт харайжээ. Ингэснээр мөн л замналынхаа анхны медалийг авлаа.

 

Харин эмэгтэй ангилалд Ласицкене хоёр дахь удаагаа дэлхийн шилдэг гэдгээ батлав.тэрбээр бусад бүх өрсөлдөгчөөсөө хамгийн багадаа 8 см өндөрт харайсан байна. Түүний хувьд 2.01 метрийн өндөрт харайсан бол ердөө 4 өрсөлдөгч нь 1.96 метрийн захиалга өгсөн ч нэг нь ч бүтэлтэй болоогүй юм. Аваргаа хамгаалагч АНУ-ын тамирчин Вашти Каннэнхэм 1.93 метрийн өндөрт харайснаар мөнгөн медаль хүртсэн бол Италийн тамирчин Алесиа Трост хоёр дахь оролдлогоороо 1.93 метрт харайснаар хүрэл медалийн болзол хангалаа.

 

Харин эмэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн төрөлд Этиоп улсын гүйгч Гензебе Дибаба гурав дахь түрүүгээ хүртжээ. Тэрбээр 2014, 2016 онуудад уг зайд аваргалж байсан юм. Гэхдээ танхимын дэлхийн аваргаас авч бу₮й 4 дэх түрүү нь энэ байлаа. Дибаба нь 2012 оны танхимын ДАШТ-ээс 1500 метрт мөн алтан медаль хүртэж байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин