Хамба Д.Чойжамц: Эмэгтэй хүн бурхан ч болж чадна
2018-03-05

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын ээж, эмэгтэй хүний тухай хэлсэн шилдэг 10 эшлэлийг хүргэж байна.

 

-Бурхны шашны гол номлолд бүх амьтанд бурхан болох авъяас, хөрөнгө  бий гэж үздэг. Эмэгтэй хүнийг доорчилсон үзэл байдаггүй. Өөрөө хүсч зүтгэвэл эрэгтэй хүний хийж чадах бүхнийг хийж чадна. Тэр бүү хэл бурхан болж чадна гэдгийг эмэгтэй бурхад  илэрхийлдэг.

 

-Бурхны шашинтай  монгол оронд эмэгтэй хүний үнэлэмж хамаагүй өндөр. Нүүдэлчин монголчууд эмэгтэйчүүдээ маш их  гоёж гооддог, дорд үздэггүй. Хоцрогдолтой нийгэмд ч эмэгтэй хүнд түшиглэж,  хөдөө хээр  ганц нэгээр нүүж бууж ирсэн. Тиймээс эмэгтэй хүнгүйгээр амьдарлын төсөөлөл үгүй юм.

 

– Хүнд хайр, энэрлийг харамгүй өгч чаддаг талаас нь бурхдыг эмэгтэй дүрслэлээр илэрхийлдэг.Монголчууд эмэгтэй  бурхан хурдан тус болдог, залбирч л чадах юм бол  гэлцдэг нь ийм учиртай.

 

-Би коммунизмын үед лам болсон. Аав, ээжээс хоёул. Нэг эмэгтэй дүү бий. Миний хувьд өсөх наснаас өтлөх  хүртэл ижийтэйгээ  хамт явна. Гэрлэж бараалаагүй  учраас ижийтэй хамт өтөлж байгаа юм.

 

-Ижий минь миний дарга. Ижий бид хоёроос гадна манайд дүүгийн хоёр хүүхэд бий. Тэр хоёрыг хичээлээ давтаг гээд намайг   “гарч усандаа  яв, модоо хагал” гэдэг.

 

-Бурхны шашинд ээжээр дамжуулан нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлж,  эхийн ачийг хариулах, тусыг санах ухаанд  сургадаг. Ижийн тухай  ихийг бодууштай  юм.

 

-Өдий зэрэгтэй хүн болсон нь ижийн ач гэдгийг эхийн хэвлийд олдсон цагаас хөөгөөд бодоход хайрлахаас аргагүй юм. Эндээс  нигүүлсэл, энэрэл, хайр, асрал эхэлдэг.

 

–Эх болсон хамаг амьтан, ижийгээ жаргалтай байгаасай, жаргалын шалтгаан нөхцөл бүрдэж байгаасай гэж боддог.

 

– Ардын дуунаас эхлээд орчин үеийн дууны чиг хандлагыг ажиглахад дандаа эх орон, ээж, аавын сэдэв зонхилдог нь  монголчуудын нэг араншин байна. Бусад улс оронд төдий л  байдаггүй онцгой шинж  чанар нь энэ юм даа.

 

– Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том нүгэл.

 

Бэлтгэсэн Ч.Олдох

Эх сурвалж: POLIT.MN

Shuud.mn
Сонин хачин