“Татварын хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа
2018-03-05

 

Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан танилцуулж байгаа юм.

 

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах эхний хэлэлцүүлэг өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

 

Тэрээр,

-Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино.Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчим баримтална.

 

Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална.

 

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцоллоо.

 

Тэрээр мөн шинээр боловсруулан хэлэлцүүлж байгаа Татварын ерөнхий хуулийн төслийн үндсэн зарчим, чиглэлийн талаар бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.

 

Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.

 

Эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээ хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно зэргээр хуульд тусгасан.

 

Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

 

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнууд бүгд л хувийн хэвшилдээ тулгуурлан хөгжиж дэвждэг. Манай улсын эдийн засгийн 80-аад хувийг ч хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид та бүхний хийж бүтээх бизнесийн орчныг ээлтэй, таатай болгоход өнөөдөр эхлүүлж байгаа татварын хуулийн хэлэлцүүлэг маш чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглээд Татварын хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг уриаллаа.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын хуулийн шинэчлэлийн зарчим, голлох өөрчлөлтүүдийн талаар танилцууллаа.

 

Бичил, жижиг бизнес эрхлэгчдийн татвар ногдуулах ажиллагаа, татварын тайлагналыг хялбаршуулна. Татвар төлөгчийг алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, тайлан боловсруулалтад зөвлөмж өгнө. Тайлангийн алдааг нэг жилийн дотор залруулж болно. Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар хүртэл сунгаж болно. Илүү төлсөн татварыг буцаан олгоно. Эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй. Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч, Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана зэрэг мэдээллийг танилцуулгадаа хэллээ. Татварын хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өглөө бүр Сангийн яаманд болно гэлээ. Тэрээр мөн бизнес эрхлэгч, ард иргэдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.

 

Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид асуулт асуун, саналаа хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон албаны хүмүүс нэг бүрчлэн хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин