Улаанбаатар
Шүгэл үлээсэн бүсгүйчүүд
3-7

 

Бөмбөрцгийн булан бүрт бүсгүйчүүд шүгэл үлээж байна. Үнэний төлөө, чин шударга  ирээдүйн төлөө нэгдэж хүч нэмсэн шүгэлийн чимээ тодрох тусам улам олуулаа болж буй юм. Тэр хэрээр тэмцлийн оч үсэргэж, хүч нэмсэн тэрхүү шүгэл бүрийн нөлөөгөөр дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, шударга ёсны төлөө урьд хожид байгаагүй өргөн хүрээний хөдөлгөөн өрнөж эхэллээ. Үнэнийг илчилж, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн  эсрэг дуу хоолойгоо хүргэх эр зориг гаргасан тод жишээ гэвэл Холливудын од Мексикийн жүжигчин 51 настай Сальма Хайекын тэмцэл юм. Тэрээр кино найруулагч Харви Вайнштейны дарамт, заналхийлэлд байсан тухайгаа мэдэгдэж, хэвлэлд ярьсны дараа Норвегийн жүжигчин Наташа Мальте, жүжигчин Лена Хедли зэрэг Холливудын цөөнгүй од хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн юм.

 

Монголд ч мөн адил  шударга бусын төлөө, охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг анх дуугарч, нийгмийг цочроосон бүсгүйчүүд цөөнгүй. Товчхондоо, эр зориг гарган тэмцсэн юм. Тэд хэлж зүрхлэхгүй, халширмаар үнэнийг илчилснийхээ төлөө нэр төр, гэр бүл, ажил төрөл цаашлаад амьдралаа их бага хэмжээгээр золиосолж буй. Охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл, дарамт заналхийллийг эсэргүүцсэн шүгэлийн чимээнээр  нийгэм илүү соргог болсон. Магадгүй хүчирхийлэл, дарамт шахалтанд байсан олон зуун эмэгтэйчүүдэд өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах эр зориг, итгэл найдвар өгсөн гэж хэлж болно. Энд нэг зүйлийг онцлоход, шүгэл үлээсэн бүсгүйчүүд нийгмийн болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар анх удаа дуу хоолойгоо хүргэсэн нь хамгийн чухал юм. Эцэстээ тэр шүгэл үнэн, эсвэл худал болохыг хэлж мэдэхгүй ч албан тушаал, хөрөнгө мөнгө эрх мэдэлтэй хэн ч байсан шударга бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх ёстойг сануулснаараа ач холбогдолтой юм. Тиймээс бид  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж  нийгэмд үүрлэсэн шударга бусыг илчлэхийн төлөө эр зориг гарган болохгүй бүтэхгүй бүхнийг анх удаа хэлж  шүгэл үлээсэн бүсгүйчүүдийг онцолж байна. Бүсгүйчүүдийн тэмцэл хүчирхийлэлд өртсөн, дарамтлуулсан, түүний гэрч болсон олон эмэгтэйчүүдэд эр зориг өгч, шударга бусыг эсэргүүцэж үгээ хэлэх боломжийг нээсэн гэдэгт итгэж байна.

 

ТӨВ ТАЛБАЙД ХАГАС НҮЦГЭЛСЭН БҮСГҮЙЧҮҮД

 

-Өнгөрсөн жилийн өдийд буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй төв талбай дээр хагас нүцгэн жагссан нь олныг цочирдуулсан юм. Баярын өдрөөр эрхээ хамгаалах жагсаал хийж хагас нүцгэлсэн бүсгүйчүүд яах аргагүй нийгэмд цочроо өгсөн гэж хэлж болно. Жагсаалын үеэр бүсгүйчүүд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө эргүүлж өг”, “Хулгайч дарга нар боль” “Бидэнд баярлах шалтгаан алга” гэх мэт үгс бичсэн лоозон барьж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн байхад  оффшор данстай албан тушаалтнуудын хөрөнгийг эх орондоо авч ирэх ёстой хэмээн мэдэгдэж байв.

 

Тухайн үед гурван эмэгтэйг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн хэмээн үзэж шүүх хурал нь  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байв. Шүүхээс тэднийг тус бүр  50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байсан юм. Харин торгуулийг АНУ-д ажилладаг нэгэн иргэн төлж, 70 ам.доллар шилжүүлж байсан удаатай. Түүнээс хойш хагас нүцгэн эмэгтэйчүүд 2-3 удаа жагсч, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

 

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЁСЗҮЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛСЭН Ч.САРАНЗАЯА

 

– Төрийн өндөр албан тушаалтан ёсзүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстойг илчилж, анх удаа дуугарсан бүсгүй бол Ч.Саранзаяа юм. Түүний энэхүү үйлдлийн дараагаас УИХ-ын гишүүн ч байсан ёсзүйн алдаа гаргасан бол элдэв хаалт, хамгаалалтгүйгээр хууль шүүхийн өмнө зогсох ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Хэдийгээр үнэн мөнийг хууль шүү­хийн байгууллага дэнслэх учиртай ч ний­гэмд бас нэгэн цочроо өгсөн гэж хэлж болно. Ч.Саранзаяа хамгийн анх өнгөр­сөн жилийн долдугаар сарын 03-ны өдөр хэвлэлд хандахдаа “Зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга манай найзтай ирж хонохдоо дүүг маань хүчиндээд явсан. Надад хангалттай нотлох баримт бий. Гадаадад ийм асуудал гаргавал албан тушаалаасаа огцордог. Гэтэл Монголд эсрэгээрээ хүчин­гийн хэрэг хийчихээд огцрох байтугай хуулийн байгууллагынхныг гартаа атгасан нь Монгол Улсад байж боломгүй үйлдэл” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин Д.Гантулга гишүүн “Энэ бүхнийг зохион байгуулж байгаа олигархи хүчин бий. Улс төрийн зорилготой” гэж мэдэгдсэн. Түүнээс хойш хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж сар шинийн дараахан Д.Гантулгыг яллагдагчаар татаж, албадан ирүүлэхээр болсон гэдгийг прокурорын байгууллага мэдэгдсэн. Харин шүүх эцсийн байдлаар тогтоогоогүй байна.

 

ДЭЭДСИЙН ХҮРЭЭНИЙ ХАР ТАМХИ, ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ИЛЧИЛСЭН Г.НОМУУНДАРЬ

 

 

-УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдэгдэл хийсэн юм.  Тэрээр дээдсийн хүрээний буюу эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи татдаг, хүчингийн хэрэг үйлддэг гэх асуудлыг дэлгэн тавьсан. Г.Номуундарь цахим хуудсаараа дамжуулан бичлэг хийхдээ “Монголд яагаад мөнгөөр бүхнийг шийдэж болдог юм. Охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой эрх зөрчигдөж байгааг бид зогсоох хэрэгтэй. Олигархиуд, УИХ-ын гишүүд, сайд нарын хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу. Хүчингийн хэргийн тухайд би нуудаг, айдаг, ичдэг байсан. Бүх хүмүүс хариуцлага үүрээд ял эдлэх ёстой.Энэ ялзарсан нийгмийг залуус бид өөрчилнө. Бид ирээдүй нь байх ёстой” гэсэн юм. Үүний дараа хэрэгт холбогдолтой хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бол  Г.Номуундарийн аав Д.Ганхуяг “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Охиныхоо төлөө, үнэнийг олтол эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн.  Өмгөөлөгчийн баг хэрэг дээр хяналт тавин ажиллаж байгаа юм байна.  Мөн Г.Номуундарийн мэдэгдэлтэй холбогдуулан 50 гаруй хүнээс байцаалт авсан гэдгийг прокуророос мэдэгдсэн юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁСЗҮЙН АСУУДЛЫГ ХӨНДСӨН Б.БАХЫТГҮЛ

 

 

-Төрийн өндөр албан тушаалтны ёсзүйгүй үйлдлийг нийтэд дэлгэсэн бас нэгэн эмэгтэй бол Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл юм. Тэрээр тус аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д. Муратын зүй бус үйлдлийг илчилж нийгэмд цочроо өгсөн нэгэн.

 

Б.Бахытгүл цагдаагийн байгууллагад хандсан өргөдөлдөө “

УИХ-ын гишүүн Д.Мурат нь 2017 оноос намайг байнга хэл амаар доромжилсон мессэж илгээх, миний тухай удаа дараа хүмүүст муулж, нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж ирлээ. Д.Мурат нь Б.Бахытгүл надад өөрийнхөө фейсбүүкээр шалдан, нүцгэн зурагнуудаа явуулдаг, надад хайртай дуртай гэж бичдэг, намайг хардаж байдаг юм. Түүнтэй уулзаж хуулийн байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх болно гэж хэлэхэд намайг туслахынхаа нүдэн дээр зодож, үсийг минь зулгааж, зүүж явсан нүдний шил хагарсан, тархи доргиж, гар хөл  хөхөрсөн. Д.Мурат нь манай гэр лүү мөнгө явуулж орон сууцны зээлийг хааж өгье, цагдаад битгий гомдол гарга гэж гуйж байсан” гэсэн байдаг. Харин Д.Мурат гишүүний хувьд Б.Бахытгүлын олон нийтэд дэлгэсэн нүцгэн зургийг эвлүүлэг хэмээн тайлбарлаж, түүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм.

 

 

ЛОНДОНГООС ТЭМЦСЭН Г.ИЧИНХОРЛОО

 

 

 

-Өнгөрсөн жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдөр  Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яамны үүдэнд Г.Ичинхорлоо гэх бүсгүй Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад томилогдсон шинэ Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн жагссан юм. Элчин сайд С.Баярыг авлигач, оффшорчин хэмээн  тэмцсэн түүнийг дэмжигчид өдөр ирэх тусам нэмэгдэж Элчин сайдын яамны үүдэнд жагсч байсан юм. Тайван жагсаалынхаа талаар Г.Ичинхорлоо  “Энэ хүний томилгоо Монгол-Английн  дипломат харилцаа болон энэ хоёр орны ард түмний ашиг сонирхолд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно. Тиймээс энэ хүнийг татаж авах ёстой. Эсвэл шалгуулж нэр цэвэр гэдгийг баталж харуултал түр Элчин сайдын ажлаас нь түдгэлзүүлэх ёстой. Завшсан хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооц” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

 

Г.Ичинхорлоо өнөөг хүртэл С.Баярыг шалгах, Элчин сайдаас эгүүлэн татах, хөрөнгийг нь хураах эсэргүүцлээ зогсоогоогүй байна. Харин С.Баярын хувьд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн долдугаар сард Гадаад харилцааны яаманд  өгөөд байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gedes guzeeneesee ichdegui yum baihdaa!
2018-03-07
зочин:
Мөнгө олох хялбар арга нь юм даа! Янз бүрээр л үзэх юм. Мөнгөөр амаа үдүүлчихдэг амьд үхдэлүүд!
2018-03-07
зочин:
Нүцгэн жагсаж бгаагаас бусад нь нарийн мэргэжлийн шантаачид байна,мөнгө олох аргаа буруу гараар олоод сурчихсан гарууд
2018-03-07
Oyun:
Үнэхээр мундаг байна , зөв шүү та нар минь
2018-03-07
мундаг охид бүсгүйчүүд шүү бүү шантраарай
2018-03-07
Хахаха (98.169.180.19-d:
чи мөн ч тэнэг байна даа
зочин:
Саранзаяа гэдэг чинь мөнгөөр л хүний нэр төрийг гутааж байгаа заваан амьтан ш дээ, бүгд мэдэж байгаа шүү дээ
2018-03-07