Трамп, Ким Чен Ун нарын анхны уулзалт Улаанбаатарт болох уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар тохиролцоод байна.
Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид Пхеньянд айлчлаад дараа нь Вашингтон хотноо очиж, Ким Чен Уны нууц захиаг Трампт дамжуулан өгчээ. Уг захианд Ким Чен Ун “Ойрын хугацаанд Цагаан ордны тэргүүнтэй уулзахыг хүсч байна” хэмээн бичжээ.
Уг хүсэлтийг Трамп хүлээн авсан гэдгээ олон улсад хандан мэдэгдсэн билээ.
Тэдний уулзалт хаана болох нь тодорхойгүй байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй дээрх уулзалтыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжтой гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Ц.Элбэгдорж твиттер хуудастаа “Урт удаан хүлээлтийн дүнд бий болсон нээлт! Нэг санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол Улс бол хамгийн тохиромжтой, төвийн сахисан нутаг дэвсгэр юм. Өмнө нь бид Япон ба Хойд Солонгосын хооронд зэрэг чухал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” гэж жиргэжээ.
Энэ оны өмнө АНУ болон Хойд Солонгосын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хаалттай уулзсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ