Ажилгүй иргэдийн тоо 9.5 мянгаар буурчээ
2018-03-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны хоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болжээ. Үүний 67.7 хувь буюу 24.6 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 32.3 хувь нь буюу 11.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 мянга нь эмэгтэйчүүд аж.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.8 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.1 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

 

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өллгий, Дундговь, Дорноговь  зэрэг баймагт улсын дунджаас 01-21.1 пунктээр илүү байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин