"Эрдэнэт"-ийн асуудлыг Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд нараар яриулах хэрэгтэй

“Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичигт”- гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-“Эрдэнэт”-ийн эргэн тойронд өрнөж байгаа асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-2003 онд би Их өрийг тэглэх асуудалтай холбогдуулан шинэ гэрээг оросуудтай зураад “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авчирсан. Энэ үед оффшор данс гэж байгаагүй. Тийм ойлголт ч байгаагүй. Тэр байтугай сонгуулийг мөнгөөр явуулдаг, албан тушаал зардаг ойлголт байгаагүй. “Оюутолгой”-н гэрээг харин Монголын ард түмэнд ашигтай байгуулахыг би хичээсэн. Харамсалтай нь намайг хуйвалдан, унагаагаад өөрсдийнхөөрөө шидсэн. Нэг хоёр хүний нэр муулмааргүй байна. Буруу зүйл хийсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Луйварчин ч гарч ирээд булааж чадахааргүй тогтолцоотой байх хэрэгтэй. Хаалганд цоож байдаг. Төрд гарч ирж магадгүй зарим хулгайчаас өмчөө хамгаалахын тулд ард түмэндээ өгөх хэрэгтэй. Хууль өөрөө цоож. Шинэ дээд Үндсэн хууль баталвал 51 хувийг ч, 49 хувийг ч ард түмэн авна. Дээр нь шүүхийг ард түмнээс сонгодог болвол өндөр албан тушаалтанд ашигтай шалтгаалж чадахгүй.
-“Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд тавих 2007 онд та ҮАБЗ-ийн дарга байсан. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл ирсэн үү?
-Надад ямар ч мэдээлэл байгаагүй. 2007 онд эхэлсэн гэдгийг одоо л өөрөөс чинь сонсч байна. Тэр процесс 2009 оны сонгуулийн дараа гарын үсэг зурагдаж дууссан гэж би ойлгосон. Ямартай ч намайг Ерөнхийлөгчөөр байхад ийм явдал болохгүй байсан. Яагаад гэвэл намайг байхад тийм ажил хаана ч хийгдээгүй.Шүүхийн байгууллага өнөөдөр Н.Энхбаярыг ямар ч хэрэг хийгээгүй байхад шоронд хийж, ямар ч үндэслэлгүй сонгуулиас хасчихдаг. Харин гэмт хэрэгтнүүдийг барьж хорьж чаддаггүй хууль, шүүхийн тогтолцоо байгаа. Тиймээс би энэ тогтолцоог өөрчилье, шүүгч өөрөө шударга ажиллахаас өөр гарцгүй болтол ажиллах тогтолцоотой болох хэрэгтэй байна. Энэ утгаараа ард түмнээс сонгогдсон шүүгч байх ёстой. Шударга ажиллаж байгаа шүүгчийг 100 хувь дэмжинэ. Шударга ажиллаагүйг нь эсэргүүцнэ. Хууль шүүхийн байгууллага шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Би хүртэл хэмлэгдсэн, таныг дэмжиж байгаа шүү, та битгий ухраарай гэж хүмүүс хэлж байгаа. Хүн шоронд нас барсан байхад хамаагүй. Хэрэг хаагддаг. Амарсайхан гэдэг хүн нас бараад хэрэг хаагдсан. Яагаад гэвэл нотолгоо байхгүй. Үнэхээр шүүхийн байгууллагын тогтолцоо буруу байгаа. Би монголчуудыг хэрэлдүүлмээргүй байна. Шинэ дээд хууль бол эв нэгдэл, шударга ёсны хууль шүү.
-Оффшор бүсэд данстай хүмүүс хөрөнгөө юунаас бүрдүүлсэн бол?
-Хэн оффшор данстайг нь шалгах хэрэгтэй. Х.Баттулга Ерөнхийлөгч оффшор дансны асуудлаар хөөцөлдөж байгаа юм байна шиг байна. Шалгуулах хэрэгтэй. Оффшор дансанд мөнгө байгаа бол тайлбарлах хэрэгтэй. Хэрвээ хууль бус олсон мөнгө байгаа бол Монголдоо авчраад хураалга. Хэрвээ тэнд тэрбум ам.доллар байвал төсөвт оруулаад, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Яагаад өнөөдөр багш 500 мянган төгрөгийн дундаж цалин авч байна вэ? Оффшороос орж ирсэн мөнгөөр шийдэж байна. Гарц байна.
“Жаст”-ын Батхүүгийн ард хэн байгаа гэж бодож байна вэ, та?
-Шалгах хэрэгтэй. Прокурор, цагдаа, АТГ шалгаад, цаана байгаа хүмүүсийг нь олох хэрэгтэй. Хүсвэл аягүй амархан олно. Дансыг нь хөөгөөд үзэхэд бэлэн байгаа. Өөрсдөө гишгэхдээ хүртэл мөрөө үлдээдэг. Үүнийг нь нохой шиншлээд тогтоодогтой адилхан банкаар орсон гарсан хуулгаар нь хөөвөл маш амархан. Толгой өвдөж төөрөгдүүлэлгүй, хууль шүүхийн байгууллага маш амархан тогтооно. “УИХ-ын гишүүн байсан Х.Тэмүүжин “Н.Энхбаяр даргаар бүх зүйл яриулаад, хамгаалалтад авчихъя. Бүх зүйл яриулчихвал луйвар булхай мэдэж байгаа” гэж ярьсан байсан. Би бол өөрийгөө тэгж бодохгүй байна. Одоо Ц.Элбэгдоржоор, С.Баяраар, Миеэгомбын Энхболдоор яриулах хэрэгтэй. Би эр зориг гаргаад, мэдэж байгаа юмаа хангалттай ярьж байна. Гэхдээ энэ нь ахиад луйвар гарахгүйн баталгаа байхгүй. Тийм учраас би тогтолцоог өөрчлөхөөр шинэ дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулаад хэлэлцүүлж байна. Монгол хүн бүр эх орондоо эзэн байх хэрэгтэй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ