Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардлаа
2018-03-15

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлаас тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэх, өөрчлөх санал зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. 


Гэтэл УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулсан. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан байна.

 

 

Дээрх асуудалтай холбоотойгоор өнөөдөр МҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Үндэсний гурван талт хороог хуралдуулах саналаа хөдөлмөр нийгмийн зөвшлийн талууд болох Засгийн газар, МАОЭНХ-д албан ёсоор тавьсан гэдгээ мэдэгдсэн юм.


Үндэсний гурван талт хороогоор Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн настай холбогдсон хуулийн заалтыг зөв зүйтэй болгох, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангах /цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх/, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлыг хэлэлцэх саналаа МҮЭ-ийн холбооноос хүргүүлээд байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин