Б.Энх-Амгалан: Бид шантааж хийхгүй, шударга ёсыг тогтооно

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулжээ. Тус холбооны үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тодруулахад:
-Бидний 7 гишүүн нэгдэж холбоо байгуулаад байна. Манай холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллана. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс орны хөгжлийг луйварчид сүйрүүллээ. Зөв үзэл бодолтой хүмүүс дуугарч, буруу тогтолцоог хална гэж байгаа юм.
-Луйварчид гэхээр танай намынхан ч хамаарч байгаа юу?
-Манай, танай нам гэхгүй буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээх ёстой.
-Буруу хэрэг хийсэн хүмүүсийн баримтыг дэлгэсэн ч шүүх үнэн зөвийг тогтооно. Та бүхний баримт баттай нотолгоо болж чадах болов уу?
- Бид Шүүхийн шинэчлэлийн хуулийг өргөн барина. Шүүх, хуулийн байгууллага ч буруу тогтолцоонд орчихсон. Амьтан хүний гар хөл болсон авлигач шүүгчдийг явуулах хэрэгтэй. Бид чуулган дээр мянга хэлээд, шүүх дээр очихоороо гэмт хэргийн бүрэлдэхүүн ямар байна гэдэг. Х.Нямбаатар гишүүн “C1” телевизийн ярилцлагадаа зоригтой хэллээ шүү дээ. “Шүүгчийн дансанд 1 сая ам.доллар, 5 настай хүүгийн дансанд 500 сая төгрөг байгаа” хаанаас олсон бэ? Эх үүсвэрээ тайлбарла гэж хэлсэн. Шүүгчийн бүрэлдэхүүнгүй хэрэг шүүсэн байна. “Жаст”-ын Батхүү яасан идэж ууж ханадаггүй юм бэ. Одоо сүүлдээ Төрийн банкийг дампууруулах гэж байна” гэдгийг хэлсэн.
-Та бүхнийг Засгийн газартаа шантааж хийж байна гэж харах хэсэг байна? Энэ талаар...?
-Хэрвээ шантааж хийх байсан бол Засгийн газар унаж байх үед ярих байсан байлгүй. Бид шантааж хийхгүй. Луйварчдыг шүүх цагдаагийн байгууллага үнэн, зөв шийдэх хэрэгтэй. Тиймээс манай холбоо нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө явж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ