Ерөнхийлөгч Х.Баттулга дотоодын гутал үйлдвэрлэгчидтэй уулзлаа
2018-03-19

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.

 

“Best Shoes” гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч “Best Shoes” гутлын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаа ашигладаггүй бөгөөд ижил төстэй үйлдвэрүүд ч бүрэн хүчин чадлаараа гутал үйлдвэрлэх боломжгүй байдаг байна.

 

Энэ талаар үйлдвэрийн захирал Б.Түвдэнням “Бид өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл одоо захиалга авсан үедээ 200-250 хос гутал үйлдвэрлэж байна. Уг нь ажлын гутал үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой байдаг юм. Гэхдээ ажлын гутал хэрэглэдэг дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хэрэглэгчид тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зэрэг тендерт оролцох боломж бүрдэхгүй байгаагаас гадна оролцсон ч тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, дотоодын бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд л олон мянган гутлын захиалга өөр улс руу явдаг. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тендер гэдэг зүйлийг богино хугацаанд ашиг олох хэрэгсэл гэж хараад байна. Би хувьдаа тендерийг олон шинэ ажлын байр бий болгосон, шинэ технологи, нөү-хау оруулж ирэх үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг” гэлээ. Тиймээс тэрээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, тендер зарлагдах хугацаа, дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин